БГД-ийн ЗДТГ-аас “Гранд плаза”-гийн уулзвар хүртэлх 970 метр замыг шинэчлэн засварлана


2022-06-20 18:29:13

Баянгол дүүрэгт 2022 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэд хэдэн байршилд явган зам, тохижилтын ажлыг эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн Баасан гарагт (2022.06.17) БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ нар 4, 5, 25 хороонд ажиллаж, улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлын явцтай танилцахын зэрэгцээ гүйцэтгэгч компанийнхантай уулзан санал хүсэлтийг нь сонслоо.

Тухайлбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Замчдын гудамжийг энэ онд “Нано Экологи” ХХК улсын төсвийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн тохижуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд Замчдын гудамжнаас Ж.Раднаабазарын гудамж буюу иргэдийн ярьдагаар БГД-ийн ЗДТГ-аас “Гранд плаза”-гийн уулзвар хүртэлх 970 метр замыг шинэчлэн засварлах юм.

Мөн явган хүний замыг 1,8-2,5 метр болгож өргөтгөн шинэчлэх бол зам дагуу ургасан модыг хөндөлгүйгээр сандал тавих, гэрэлтүүлэг суурилуулах зэргээр тохижилтын ажлыг хийж иргэд, оршин суугчдынхаа ая тухтай амрах орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Ашиглагч болон гүйцэтгэгч компанийн зүгээс энэ ажлыг иргэд, оршин суугчдыг хөдөө орон нутаг руу зорьсон буюу хотын хөл хөдөлгөөн багассан үед хийж дуусгахаар төлөвлөн ажлыг эхлүүлээд байна.

БГД-ийн 25 дугаар хороо буюу 10 дугаар хорооллын автобусны буудлын орчим хөл хөдөлгөөн ихтэй, автобусны буудал руу өгсдөг шат эвдэрч гэмтсэнээс явган зорчигч хөдөлгөөнд оролцоход багагүй хүндрэл учирдаг байсан. Тэгвэл явган хүний шатыг сэргээн засварлах, буудлын даланг эко хавтангаар хучих ажлыг “Нобл Роуд” ХХК дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байна. Тодруулбал, тус компани явган хүний зам дагуух 200 метр даланг эко хавтангаар хучихаас гадна эвдэрч муудсан хоёр шатыг засварлаж, нэгийг шинээр нэмж тавьж байна. Энэ ажил амралтын өдрүүдэд бүрэн дуусна гэдгийг гүйцэтгэгч компанийнхан онцоллоо.

БГД-ийн 25 дугаар хороонд ажиллах үеэр 45 дугаар байрны оршин суугчид байрны фасад дулаалга хийлгэх, гаднах өнгө үзэмжийг сайжруулах, автомашины зогсоолын хүрэлцээ муу байгааг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн санал хүсэлтийг хэллээ. Тус байрны фасад дулаалгын хувьд улсын төсөвт мөнгө нь суусан ч барилгын материалын үнэ ханш нэмэгдсэн зэрэг шалтгаанаас болж ажил нь эхлээгүй байгаа юм. Түүнчлэн тус байрны арк орчимд гэрэлтүүлэг болон өнгө үзэмж муутай, шөнө орой явахад иргэд, оршин суугчдад хүндрэл учирдаг. Иймээс 45 дугаар байрны аркийг засварлаж, гэрэлтүүлэг нэмэх зэргээр тохижилтын ажлыг хийхээр төлөвлөлөө.

БГД-ийн 25 дугаар хороо, “Голден парк” хотхон 3131 өрх, 12000 гаруй оршин суугчтай. Гэвч автомашины зогсоолын хүрэлцээ болон хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх талбай ховор байсан юм. Тэгвэл өнгөрсөн онд “Голден парк-1” хотхоны ард байсан 43 гараашийг чөлөөлж, явган хүний зам тавихын зэрэгцээ автомашины зогсоолыг нэмэгдүүлсэн. Тэгвэл энэ онд хүүхэд, залуус, иргэд, оршин суугчдыг амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх сагсан бөмбөг болон чийрэгжүүлэлтийн талбай ногоон байгууламжийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Энэ ажлыг “Эс Эм Жи Ти” ХХК гүйцэтгэж байгаа ба долоодугаар сарын 1 гэхэд хүлээлгэж өгнө гэсэн юм.

Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Тэмүүлэл хотхон” нь 547 өрхтэй, хүн ам ихээр суурьшсан. Гэвч хүүхэд болон иргэд оршин суугчид амралт чөлөөт цагаа өнгөрөөх талбайгүй байсан юм. Тэгвэл Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Жигүүрт хөсөг” ХХК тоглоомын талбай барьж, ашиглалтад хүлээлгэж өгөөд байна. Мөн энэ үеэр тус хотхоны оршин суугчид 104 дүгээр байр болон баруун талд нь байрлах угсармал цементэн хашааны дунд гэрэлтүүлэг, явган хүний зам тавих шаардлагатай байгааг онцолсон бөгөөд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг холбогдох хэлтсийн даргад үүрэг болголоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү