Мансууруулах үйлчилгээтэй “өвс” түүж хадгалвал эрүүгийн хариуцлага хүлээнэ


2022-08-10 12:40:46

Иргэн Ууганбаатар нь 2021 оны 8 дугаар сард Төв аймгийн нутаг дэвсгэрээс мансууруулах үйлчилгээтэй “өвс”-ийг түүж, гэртээ хадгалсан байна. Мансууруулах үйлчилгээтэй уг “өвс”-ийг иргэн У нь худалдан борлуулах зорилгогүй байсан, зүгээр л түүж авсан гэж мэдүүлжээ. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр У-ын хадгалж байсан “өвс”-нөөс болон түүний шээснээс тус тус мансууруулах үйлчилгээтэй бодис илэрсэн байна.

Хуульд зааснаар, эмчийн жороор буюу эмчилгээний заалтаар мансууруулах үйлчилгээтэй эм хэрэглэхийг өвчтөнд зөвшөөрдөг, харин бусад тохиолдолд мансууруулах үйлчилгээтэй аливаа бодис, ургамалыг олж авах, түүх, бэлтгэх, хадгалах, бусдад өгөхийг хориглодог юм.

Прокуророос иргэн У-д мансууруулах үйлчилгээтэй ургамалыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргажээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг хэргийг хэлэлцээд, иргэн У-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох ял ногдуулав.

Мансууруулах үйлчилгээтэй “өвс”-ийг түүж, гэртээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заасан байдаг. Энэ тохиолдолд шүүхээс иргэн У-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан зорчих эрхийг нь хязгаарлах ял ногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Иргэн У шүүхээс ногдуулсан 2 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явж болохгүй бөгөөд, зөвхөн эрх бүхий шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх болон өөр тийш зорчих боломжтой юм.

Иргэн У хэрэв зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй буюу шүүхээс тогтоосон 2 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүйгээр гарч явсан бол үлдсэн хугацааны хоногийг шууд хорих ялаар тооцож солихоор хуульд заасан байдаг.

Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй. Зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. http://bsch-court.gov.mn/.../883-mansuuruulah...

Боловсруулсан: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү