М.Тулгат: Бэлгийн дарамттай холбоотой заалтыг буцааж Эрүүгийн хуульд тусгана


2021-04-15 15:53:37

АН-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд АН-ын дарга М.Тулгат #METOOMONGOLIA хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр "Бэлгийн дарамт хүчирхийлэлтэй холбоотой хөдөлгөөн өрнөж байна. Нэр бүхий УИХ-ын гишүүн холбогдоод байгаа энэхүү асуудалд нэгдүгээрт, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй нөхцөлд хүнийг буруутгаж болохгүй гэдэг хууль дээдлэх зарчим дээр АН зогсоно.  Гэхдээ хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой.  УИХ-ын гишүүн ч бай хууль шүүхийн өмнө шалгуулж үнэн зөвөө тогтоолгох ёстой, хариуцлага хүлээх ёстой. Хууль шүүхийн байгууллага нөлөөнд авталгүйгээр үнэн зөвийг тогтоож ажиллана гэж найдаж байгаа.

АН хүний эрх тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийн асуудал дээр байнга дуугарч, холбогдох хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж ирсэн. Ардчилсан нам засаглаж байх үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин Эрүүгийн хуулийн 12.4 дэх заалтад ажлын байран дахь бэлгийн дарамтад эрүүгийн хариуцлага ногдуулахаар оруулж байсан. Гэтэл  МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялсныхаа дараа Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах нэрээр энэ заалтыг хасч, Зөрчлийн хууль руу шилжүүлснээр бэлгийн дарамт үзүүлж байгаа этгээдүүд нь эрүүгийн хариуцлага хүлээхгүй,  зөрчлийн хариуцлага хүлээдэг болсон.

Тиймээс энэ асуудал дээр идэвхтэй ажиллаж байгаа төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтраад бэлгийн дарамттай холбоотой заалтыг буцааж Эрүүгийн хуульд тусгах тал дээр АН ажиллаж байна.

Бэлгийн дарамт нь хувь хүний нэр төр, алдар хүндтэй холбоотой эмзэг асуудал байдаг. Ялангуяа манайд  "шүгэл үлээгч" нь нэр төр, сэтгэл санаагаараа хохироод үлддэг асуудал байдаг. Хохирогчийн эрхийг хамгаалах тал дээр Тахарын албыг татан буулгасан нь маш том ухралт болсон. "Шүгэл үлээгч"-ийг хамгаалах асуудлаар  АН цаашдаа УИХ дахь намын бүлэгтэйгээ хамтраад төрийн бус байгууллагатай хамтарч ажиллаж, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Судалгаагаар эмэгтэйчүүдийн 79.6 хувь нь ажлын байрны бэлгийн дарамтыг мэдэрдэг гэж хариулсан нь манайд энэ талын дарамт асар их байгааг харуулж байгаа юм" гэлээ.

Мөн тэрбээр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийхдээ "Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, хатуу хөл хорио тогтоосон ч вакцины тасалдлаас болоод иргэд маш их гомдол ирүүлж байгаа. Ерөнхий сайд дөрөв, тавдугаар сарыг хүн амаа вакцинжуулалтад хамруулах аян болгон  зарласан ч зогслоо.  АН ч энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байна.

Өнгөрсөн жил дотооддоо Covid-19 халдвар алдаагүй байхад бизнесээ зогсоогоод сургууль, цэцэрлгээ хаагаад хүүхдүүдээ боловсролын хоцрогдолд оруулсан. Хүн амаа дархлаажуулалтад шуурхай хамруулсан орон болно гэж тооны хойноос хөөцөлдөөд,   нөөцөө базаалгүйгээр алдаа гаргалаа. Алдааных нь хор уршиг иргэд дээр, эрүүл мэнд дээр гарч байгаад шүүмжлэлтэй хандаж байна.

Цар тахлыг даван туулахад зориулж  Монгол Улсад олон улсаас тусламж их ирж байгаа. Гэвч Засгийн газар халдвартай тэмцэх нэрээр хяналтгүйгээр маш их төсөв мөнгөний зарцуулалт хийж байна. Энэ асуудал дээр бид УИХ дахь АН-ын бүлэгтэй хамтраад хяналт тавин ажиллана. Тийм учраас цар тахалтай тэмцэх хүрээнд зарласан төсөл, хөтөлбөрүүд дээр гүйцэтгэлийн аудит хийлгэхээр Үндэсний аудитын газарт хүсэлт гаргана" гэдгээ онцлов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү