Женкогийн шуналыг С.Ганбаатар гүйцэлдүүлэх үү


2021-04-29 16:39:03

МАН, МАХН-ын нэгдлийг эсэргүүцэж байсан С.Ганбаатар улаан сарнайтай батлахаа хүлээлгэн өгч, Н.Энхбаяртай салах ёс гүйцэтгэхээр болсноо мэдэгдлээ.

“Би нэг л өдөр Ерөнхийлөгч болно” хэмээн мэдэгдэж байсан тэрбээр сонгуулийн сурталчилгаандаа бэлдэхээр явж байгаа нь энэ хэмээн ажиглагчид дүгнэж байгаа юм. Гэхдээ түүнийг арыг хэн дааж, хаанаас дэмжлэг хүртэх нь анхаарал татна.

Одоогоор хоёр салбарласан АН-ыг бараадаж, Х.Баттулгатай хийсэн тохироогоо ажил хэрэг болгох магадлал өндөр. Х.Баттулга, С.Ганбаатар нар гар барьж, далдуур үйл ажиллагаа явуулах болсон талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдэгдэж байсан удаатай.

Тодруулбал, Н.Энхбаяр “С.Ганбаатар бол  улс төрийн хүчний хувьд хэлсэндээ байх зарчим баримталдаг гэдэг. Гэтэл УИХ-ын сонгуулийн дараа С.Ганбаатар бидэнд мэдэгдэлгүйгээр ярилцлага өгч, ирэх дөрвөн жил зөвхөн Эрдэнэтчүүдийнхээ төлөө ажиллана, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гээд мэдэгдчихсэн. Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр бүрэлдсэн УИХ-ын бүрэн эрхийг нээхээс өмнө УИХ-д суудалтай намын дарга болон гишүүдийг хүлээж авч уулзсан.  Энэ үеэр С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ дахин хэлээд нутгийн ах Х.Баттулга Ерөнхийлөгч таныг дэмжиж ажиллана хэмээн надтай зөвлөхгүйгээр мэдэгдсэн. Бас нэг зүйл хэлсэн. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Х.Баттулга танд Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшихгүй гэж амлаж байсан. Гэтэл МАХН-ынхан нэр дэвш гэсээр байгаад дэвшүүлсэн. Тиймээс таниас уучлалт гуйж байна гэсэн. Тухайн үед Х.Баттулга ийм яриа болсон нь үнэн” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, С.Ганбаатар энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүйгээр Х.Баттулгыг дэмжиж ажиллах тохироог хийсэн байсан гэсэн үг. Гэхдээ үүнийгээ Н.Энхбаяртай зөвшилцөөгүй. Үүнээс үүдэлтэй тэд хэд хэдэн удаа маргаж, хаалга савсан асуудал ч гарсан гэлцдэг. Мөн С.Ганбаатар намаас гарах тухай цухалзуулж, Н.Энхбаяраас ухамсрын шанаа авсан тухай ч улс төрийн хүрээнийхэн шивнэлдэх болсон билээ.

Мөн төв талбайд С.Ганбаатар өлсгөлөн зарлах шийдвэр гаргахдаа Н.Энхбаяртай бус Х.Баттулгатай хэлэлцэн тохиролцсон тухай яриа ч бий. Чухамдаа С.Ганбаатарт Н.Энхбаяраас ч том эрх ашиг нуугдаж байсан нь тэр.

Харин Үндсэн хуулийн Цэцийн хаалга мөргөөд зогссон Х.Баттулгад цаашдын алхам гэж үгүй. Тиймээс нэмэгдэхүүний байрыг өөрчлөх хувилбар хөшигний ард яригдсан бололтой. Тэр нь Х.Баттулгыг С.Ганбаатар биш С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга дэмжин ажиллах.

Намыг бүхэлд нь базаж чадаагүй ч УИХ дахь бүлгээ, намынхаа талтай атгаж байгаа Х.Баттулгын хувьд С.Ганбаатарыг дэмжихэд ядах зүйлгүй.

Оюутолгой гэх ганц сэдэвтэй, эх орон гэх поп дуугаралттай С.Ганбаатарын нэр нүүрээр Х.Баттулга өөрийн санаархлаа хэрэгжүүлэх таатай боломж. Гэхдээ С.Ганбаатар ямар ч үед барьсан гараа атгаж мэдэхийг өнгөрсөн үйл явдлуудынх нь өрнөлөөс харж болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү