Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын хэн нь албан ёсны нэр дэвшигч вэ


2021-05-02 13:23:31

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нар нэр дэвшихээр боллоо. Улсын Дээд шүүх хоёр намын “эв нэгдэл”-ийг хангаагүй тул салбарлан сонгуульд орохоор болсон нь энэ.

Хуульд зааснаар УИХ-д суудалтай нам, эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд хүн нэр дэвшүүлэх эрхтэй. Нэр дэвшигчдийг маргааш гэхэд тодруулах учиртай. Энэ дагуу хоёр АН тусдаа хуралдаж, дор бүрнээ нэр дэвшигчдээ тодрууллаа.

М.Тулгатын тэргүүлсэн АН-аас С.Эрдэнийг Төрийн тэргүүний сунгаанд сойхоо мэдэгдэв. УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа намаа ялагдалд хүргэсэн хариуцлагаа ухамсарлан “Би явлаа. Битгий намайг дуудаарай” хэмээн дуу аялан, Ц.Туваанд тамгаа үлдээгээд явсан С.Эрдэнэ эргэж ирэхгүйгээр барахгүй, намаа таллаж, өдгөө Төрийн тэргүүний сунгаанд хүч үзэхээр бэлтгэлээ базаалаа. Түүний хувьд энэ удаад сонголтгүй сонголттой нүүр тулан зогсож байгаа нь энэ.

Эрх баригчдад эмзэг цэгээ атгуулж, тохиролцоо хийн улс төрийн тайзан дээр иргэн ирсэн тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэхээсээ угшил нэгтэй нөхдийнхөө замд бул хар чулуу болох тактиктай.

Одоогоор С.Эрдэнийг нэрийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн ч бүртгэх боломжгүй. Учир нь О.Цогтгэрэлийн талаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэгр дэвшигчээр зарлаад байна. Хоёр АН-ын аль нь албан ёсны бүртгэлтэй вэ гэдгийг Сонгуулийн ерөнхий хороо эцэслэхгүй. Тиймээс алийг нь хүлээж авах нь тодорхойгүй гэсэн үг. Тиймээс үүнээс урьтаж хоёр АН нэгдэх эс бөгөөс туурга тусгаар намууд болж байж эрх зүйн хувьд боломж нээгдэнэ.

Туурга тусгаар нам болж бүртгүүлэхэд хугацаа шаардлагатай. Тийм боломж хомс. Бүртгүүлсэн ч УИХ дахь бүлгийн гишүүдээ хүртэл таллаж хуваах шаардлага үүснэ. Тэгж байж парламент дахь суудал нь баталгаажиж, нэр дэвших эрх нээгдэнэ гээд шат дамжлага их. Тиймээс одоогоор нэгдэхээс өөр хувилбар үгүй.

Харин С.Эрдэнийн хувьд албан ёсны бүртгэл нь өөрийнх гэх үндэслэлээр эвлэрэлд ач холбогдол төдийлөн өгдөггүй. Үнэндээ  нөхөдтэйгөө эвлэрэхгүй байх даалгавар бас захиалгатай. Тиймээс Н.Алтанхуяг, С.Эрдэнэ гэх нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хорооны хаалгаар чихэлдэж, алийг нь оруулах нь тодорхойгүй асуудал үүсч байгаа юм.

Өмнөх бүртгэлээр нь С.Эрдэнийг АН-ын дарга хэмээн үзэж, нэр дэвшигчийг баталгаажуулах хувилбар байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ эзэн тал асуудалд хэрхэн хандахаас хамаарна. Хэрэв тийм нөхцөл үүсвэл С.Эрдэнэ эхний даваагаа давах ч дараагийн шатанд бүдэрнэ.

Эрх мэдэл, албан тушаалын хэргээр ял сонсч байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй. Энэ заалтыг монголчууд Н.Энхбаярын буянаар хангалттай сайн мэддэг болсон. С.Эрдэнэ нарын 8 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2009 онд болж байв. Тухайн үед

-Өөрийн үүсгэн байгуулсан “Төгс-эрдэм” төрийн бус байгууллагаас Нийслэлийн нийгмийн даатгалын газарт 16 сая төгрөгөөр үнэлэгдэх машиныг 18 сая төгрөгөөр зарсан,

-Өмгөөлөгч нарт нийгмийн даатгалын хөрөнгөөс 1.9 сая төгрөг өгсөн,

-УНДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд байдаг 45 сая төгрөгөөр үнэлэгдсэн “Гэрэл” зочид буудлыг 95 сая төгрөгөөр авсан,

-УИХ-ын 2008 оны сонгуулийн 25-р тойргийн дүнг будилаантуулсан зэрэг хэрэгт буруутган 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасанчлан эд хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр С.Эрдэнэд зургаан жил, Д.Үүрийнтуяа, Б.Лувсандагва нарт таван жил нэг сар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гэхдээ 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулснаар 2009.10.17 өдөр С.Эрдэнэ, Д.Үүрийнтуяа нарыг цагаатгасан юм.

Эрх мэдэл, албан тушаалын хэргээр ял сонсч байсан бол гэх заалттай холбогдуулан С.Баярцогт, С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Эрдэнэ нар дахин нэр дэвших боломжтой эсэх асуултад хуульчид “Боломжгүй” гэх хариулт өгч байсан удаатай. Тиймээс дараагийн шатыг давахгүй байх магадлал өндөр.

Ямартай ч С.Эрдэнэ нэр дэвшсэн эсэхээс үл хамаарч У.Хүрэлсүх өрсөлдөгчгүйгээр өндөрлөгт хүрэх нь тодорхой бололтой. Харин сонгуулийн маргааш АН задрах уу, нэгдэх үү гэдгээ эцэслэж дөнгөх биз ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү