У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болж байж Монгол Улсын төлөө зүтгэх үү


2021-05-02 10:54:06

Намын даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлдэг МАН-ын зарчим элэгдэж хуучирчээ.  МАХН буюу одоогийн МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг авч үзвэл Н.Багабанди УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж байж. Улмаар ялалт байгуулж, тэр бүү хэл, улиран сонгогдсон намтартай.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд намын даргаар ажиллаж байхдаа нэр дэвшиж, ялалт байгуулсан. Гэвч улиран сонгогдож чадалгүй, Ц.Элбэгдоржид тахимаа өгөв.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өрсөлдсөн боловч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын хамтрал, намын нөхдийнх нь урвалтаас болж ялагдал хүлээсэн юм. Гэхдээ ноён нуруу, жудаг, нэр цэврээрээ ялалт байгуулсан хэмээн ажиглагчид болон тоймчид дүгнэдэг. Үүний дараагаар М.Энхболд Ерөнхий сайдын суудлаа орхин, намын даргын сэнтийгээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялагдал хүлээв.

Харин энэ удаад У.Хүрэлсүх. Тэр М.Энхболдын адил Гүйцэтгэх засаглалын тэргүүний сэнтийг хойш тавьж, намын даргын малгайтайгаа энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэл ажлаа базаалаа.

Хэдийгээр заавал намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх зүйн орчин үгүй ч Ерөнхий сайдын сэнтийг хөсөр хаяж, дээш тэмүүлэх хуучирсан арга хэвшмэл болсны илрэл нь энэ.

Ерөнхийлөгч бол эв нэгдлийг илэрхийлэгч. Энэ утгаараа Ерөнхийлөгчөөр сонгогдвол намын гишүүнчлэлээсээ татгалзах хуультай. Гэвч Төрийн тэргүүн болмогцоо хүний, өөрийн намын асуудалд хутгалдаж, намтайгаа зөрчилддөг, тэрсэлддэг, үндсэн хуулиар олгогдсон эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн нэмэгдүүлэх хандлага түгээмэл. Өдгөө ч үүний хор уршгийг нийтээрээ харж сууна.

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва намын дарга нар Ерөнхийлөгчид нэр дэвших нь хэр зохистой талаар нүүр номондоо хөндөж, Герман улстай жишсэн харагдсан. Тэрбээр “Манай улсын хувьд парламентын засаглалтай бөгөөд парламентын сонгуульд ялсан намын дарга төрийн эрх барих 4 жилийн хугацаанд авсан үүрэг даалгавраа амжилттай хэрэгжүүлэхийн тулд ерөнхий сайдаар ажиллах нь зүйн хэрэг юм. ХБНГУ-д сүүлийн 16 жилд 5 удаа Ерөнхийлөгчийн сонгууль болж, хатагтай Ангела Меркель нэр дэвшиж, ялах бүрэн боломжтой байсан хэдий ч тэрбээр Засгийн газраа 16 жил тэргүүлж, улс орноо тогтвортой удирдаж, Герман орны улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад харилцааг дэлхийд манлайлах түвшин хүргэж ажиллаж чадаж байгаа билээ” гэжээ.

Мөн Герман, Монголын улс төрийн тогтвортой байдлыг харьцуулсан байна. Жишээ нь, 1949 оноос хойш Германд ердөө 8 канцлер үүнээс 1990 оноос хойш 4 канцлерийн толгойлсон Засгийн газар нь тогтвортой ажиллаж байжээ. Харин 1990 оноос хойш Монголд Ерөнхий сайд 18, түр үүрэг гүйцэтгэгчтэйгээ нийлээд 20 хүрсэн. Үүнээс харахад Засгийн газрын дундаж наслалт дөнгөж 1.6 жил, харин Германы Засгийн газрын дундаж наслалт 7.8 жил байх жишээтэй.

Ганц Герман гэлтгүй Япон улс. Монголчуудын сайн мэдэх Шиньзо Аба-тай жишиж болно. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын алба хашиж байгаад ерөнхий сайд болсон намтартай. Өмнөх нэг жилийг нь эс тооцвол биеэ эмчлүүлж эргэн 2012 онд улс төрд эргэн ирж, ЛАН-ын даргын сонгуульд ялж, улмаар мөн оны 12 сард болсон ээлжит бус бүх нийтийн сонгуулиар тус нам ялж, дахин Ерөнхий сайдаар ажиллах болсон. Тэрбээр улсынхаа түүхэнд хамгийн удаан Ерөнхий сайдаар ажилласан хүн хэмээн тодорхойлогдох болсон.

Тэгвэл Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев. 1991 оноос хойш Төрийн тэргүүнээр ажилласан энэ хүний намтрыг харвал 1960 онд төмөрлөгийн үйлдвэрт ажилчнаар орсон. 1969 онд намд элсэж, 1973-1977 онд Карагандын төмөрлөгийн комбинатын намын нарийн бичгийн дарга, 1977-1979 онд Карагандын мужийн намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, 1979-1984 онд Зөвлөлт Хасагийн намын төв хорооны нарийн бичгийн дарга, 1984-1989 онд Зөвлөлт Хасагийн Сайд нарын зөвлөлийн дарга, 1989-1991 онд Хасагийн намын төв хорооны нэгдүгээр бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ.

Өөрөөр хэлбэл, улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал зүйл. Монгол Улсын хувьд У.Хүрэлсүх 2017 онд эрх баригч намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн нэгэн. 2020 оны УИХ-ын сонгуулиар У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улиран сонгогдсоноор 1990 оноос хойш улиран ажиллаж буй хоёр дахь Ерөнхий сайд болсон юм. Өмнө нь С.Баяр улиран Ерөнхий сайд болж байсан бол Ц.Элбэгдорж  дунд нь завсартайгаар Ерөнхий сайдын албыг хашиж байлаа. Ийнхүү улс төрийн нөхцөл байдал тогтворжиж, урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих нь гэж олон хүн талархаж байв. Цаашдаа Засгийн газрын насжилт ч уртасна гэж итгэж байсан тэр. Гэвч тэр дараагийн хүнд хантаазаа тайлж өгчихөөд шинэ хувцас хайж явна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү