Н.Энхбаяр: МАН, МАХН нэгдэж нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулна


2021-05-04 13:00:16

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллахаар болсноо мэдээллээ.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, намуудын нэгдэх ажлын хэсгийн ахлагч Б.Тулга  "МАХН-ын ээлжит 11 дэх Бага чуулган өчигдөр хуралдаж, шийдвэрээ гаргалаа. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор нэр дэвшигчийг дэмжиж ажиллах тогтоолыг Бага чуулганаас гаргасан. Ингэхдээ МАН-аас Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигч Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАНын дарга  У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллахаар оролцохоор шийдвэрлэлээ. Сонгуулийн ажилд МАХН-ын бүх шатны гишүүд дэмжигчдийг идэвхи санаачлагатай оролцохыг уриалж байна.

Мөн Бага чуулганаар МАХН-ын ээлжит бус Их чуулганыг товыг тогтоож, төлөөлөгчдийг оролцох журмыг баталсан. Бага чуулганыг энэ сарын 16-нд товлолоо. МАХН, МАН хамтран нэг нам болох шийдэлд хүрсэн. Тиймээс анхан болон дунд шатны гишүүдэд уриалга гаргаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгийн үр дүнд 90.9 хувь нь хоёр нам нэгдэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн " гэлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр "Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн нэр дэвшигчгүй оролцоно. Нэгэнт МАХН, МАН  нэгдэн нийлэх үйл ажиллагаа явагдаж байгаа учраас улс төрийн өндөр соёл үзүүлж, ард түмнийхээ эв нэгдлийг бодож, Монгол төрийн Тэргүүнийг сонгох сонгуульд МАН-тай хамтран оролцоно. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихээр шийдвэрлэсэн.

МАХН, МАН нэгдэх нийлэх үйл ажиллагаа гэрээн дээр тулгуурласан. Гэрээг 2021.04.29-нд гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэлээн олон удаа ярьсан асуудал. Нэг угшилтай, үүх түүхтэй, үзэл баримтлал нэгтэй МАХН, МАН нэгдэх нийлэх үү, эвсэл болох уу, сонгуульд хамтран оролцох уу гэсэн асуудал байнга яригдаж ирсэн. Энэ удаад олон талаас нь ярилцсаны эцэст хоёр нам нэгдэх нийлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүний тулд хоёр том зарчмын асуудлыг хэлэлцэж, тогтсон. 

Нэгдүгээрт, хэдэн дарга нар ярьж шийдэх асуудал биш. Хоёр намын жирийн гишүүд дэмжвэл хамтрах шийдэлд хүрсэн. МАХН, МАН-ын жирийн гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хоёр талын ажлын хэсэг хамтарсан уриалга гаргаж, 10 том зорилт дэвшүүлж, түүнийгээ гишүүддээ танилцуулсан. Гишүүд уриалгыг дэмжсэн. Тиймээс уриалгыг дэмжих гэрээ байгуулж байгаа. Уриалгад:

  • Шинэ Үндсэн хуультай болно. Төрийн гаж тогтолцоог засч, залуулна.
  • Байгалийн баялаг бол ард түмний өмч болох ёстой. МАН-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан зүйл.
  • Нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулна. ОХУ, Швейд, Англи зэрэг улс ямар улс байгуулахаа Үндсэн хуульдаа тусгасан байдаг. Үүнтэй ижил.

Төрийн тэргүүн нь эрх баригч намаа тараана гэж хашгирах биш Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нь хамтран асуудлаа шийдвэрлэж, эв зүйтэй байх нь чухал. Энэ үүднээс У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллуулахын төлөө намын гишүүдээ уриалж байна.

У.Хүрэлсүх бол шударга ёсыг тогтооно гэж байгаа. Миний бие болон Б.Тулгат, З.Баянсэлэнгэ бид 3 шударга бусын хонгилоор жирэгдэж явсан нөхөд. Шударга ёс өнөөдөр ус агаар шиг үгүйлэгдэж байна. Үүнийг У.Хүрэлсүх хийж чадна.

Сонгуульд ялагдсан ч хоёр намын нэгдлийн үйл ажиллагаа үргэлжилнэ. У.Хүрэлсүх бол хэлсэндээ хүрдэг хүн. Тиймээс сонгуулийн дүнгээс үл хамаарч, хоёр намын нэгдлийн ажиллагаа үргэлжилнэ6

МАН-ын Удирдах зөвлөлд МАХН-аас 8 найм, Бага хуралд 110 хүн орохоор тохиролцсон. Мөн аймаг, нийслэлийн тэргүүлэгчдэд 6, дүүрэг, сумын намын тэргүүлэгчдэд 4 хүн орж ажиллана. Энэ мэтээр намынхаа бүтэц бүрэлдэхүүнийг ямар байлгах талаар тохиролцсон. Гэхдээ зөвхөн тоо тохирсон. Түүнээс бус хэн нэгэн хүний талаар тохироо хийгээгүй. Би хувьдаа ямар нэгэн сонгуульт ажил хийхгүй гэж бодож байгаа. МАН-ын Удирдах зөвлөл, Бага хуралд оръё гэвэл намайг хүндэтгээд оруулах л байх. Гэхдээ би орохгүй. Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд хэн ялах магадлалтай нь л орох хэрэгтэй. Түүнээс биш заавал Батшугарыг эсвэл Тулгыг нэр дэвшүүлнэ гэж тохиролцсон зүйл байхгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг нэр дэвшүүлээгүй учраас намын гишүүнчлэлээсээ татгалзсан талаарх сэтгүүлчийн асуултад Н.Энхбаяр  "С.Ганбаатар гишүүн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй байсан. Бид үнэнээ хэлсэн. Мөнгө санхүү муу байна. Дэмжлэг бололцоо ч тааруу гэх мэтээр. Гэвч С.Ганбаатар гишүүнд Ерөнхийлөгч Х.Баттулга их нөлөөлсөн. Сүүлд нь Х.Баттулгын дэмжлэгтэй АН-д гишүүнээр элслээ. Энэ бол буруу шийдвэр байсан. Өөрийн намаа эмхэлж чадаагүй байж, манай намын дотоод асуудалд хүртэл хутгалдаж, эцэст нь ийм байдалд орсон" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү