Засгийн газрын 100 хоног ба амлалтын биелэлт


2021-05-10 09:44:45

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 100 хоногтойгоо золгож байна. Залуу үеийн төлөөлөл болж Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон тэрбээр 100 хоногт ямар ажил амжуулав. Гүйцэтгэх засаглалын тэргүүний тамгаа авсан Л.Оюун-Эрдэнэ 4 том зорилт дэвшүүлж байгаагаа чуулганы танхимын индер дээрээс мэдэгдэж байсан билээ.

Зорилт 1: Цар тахлыг богино хугацаанд даван туулах төлөвлөгөө

Энэ зорилтын хүрээнд вакцины татан авалтыг эрчимжүүлж, иргэдээ дархлаажуулах. Энэ хүрээнд 2021.02.23-нд ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтыг Монгол Улсад эхлүүлж, өөрөө эхний тунг тариулж, иргэдээ уриалж байв. Өчигдрийн байдлаар 1.5 сая иргэн буюу 74.3 хувь нь дархлаажуулалтын эхний тундаа хамрагдаад байна. Бүрэн дархлаажуулалт 617.908 иргэн буюу 29.9 хувь нь хамрагджээ. Нийслэлийн хэмжээнд 77.2 хувь нь вакцины эхний тунг хийлгээд байна. Уг нь Засгийн газрын 100 хоногтой давхцан нийслэлийн иргэдийг бүрэн дархлаажуулж дуусах зорилт дэвшүүлээд байсан юм. Гэвч иргэдийг дархлаажуулалтад хамрагдах байдал удааширч, вакциныг сайн, муу гэж ялган ангилж голж эхлэв.

Ковидгүй зуныг бүтээхэд иргэн бүрийн оролцоо чухал болохыг Засгийн газраас анхааруулж, иргэдээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байгаа бөгөөд сүүлдээ 50.000 төгрөгийн “урамшуулал” зарлаж, иргэдийг идэвхижүүлэх бодлого баримталж байх жишээтэй.

ЗОРИЛТ 2: Эдийн засгаа сэргээх төлөвлөгөө

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхлэв. Энэ хүрээнд ажлын байрыг хадгалж үлдэх, нэмэгдүүлэх чиглэл баримталж аж ахуйн нэгжүүдэд 3 хувийн хүүтэй зээлийг олгох болсон.

Цар тахлын улмаас тартагтаа тулж, аж ахуйн нэгж байгууллагууд хаалгаа барьсан энэ үед сэргээш чухал. Энэхүү сэргээш нь дээрх хөтөлбөр хэмээн гүйцэтгэх засаглалын тэргүүн тодотгож, салбар бүрт танилцуулга хийсэн. Хүнс хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийж, газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдийг дэмжих бодлого багтааснаа зарласан юм.

Мөн аялал жуулчлалын салбар. Хоёр ч жилийн хугацаанд бараг тэг зогсолт хийгээд байгаа энэ салбарыг өөд нь татаж, өнгө үзэмжийг нь сайжруулж, шинэ менежментээр хөгжүүлнэ. Улмаар ганц уул уурхайгаас бус аялал жуулчлалын салбараас хөрөнгө оруулалт босгож, хөгжлийн үүдийг нээнэ хэмээн Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар зорилго тавин ажиллаж байгаа.

Түүнлчэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгана. Энэ хүрээнд нэн тэргүүнд Өмнөговь, Дундговь аймгийг ногоон бүс болгож, экспортын урсгалаа нэмэхээр сэтгэл шулуудаад байгаа юм.

Байгалийн баялгийг иргэн бүр тэгш хүртэх ёстой. Энэ зорилгын хүрээнд иргэдийнхээ амьжиргааг дэмжих зорилгоор 3.3 сая иргэн бүртээ Оюутолгойн "хишиг" болгож 300 мянган төгрөгийг тараасан.

Зорилт 3: Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо

Баян, хоосны зааг тэлж байгаа энэ үед дундаж давхаргынхан бюу ажилчин ангийг дэмжих бодлого. Чинээлэг дундаж давхрагыг дэмжихийн тулд орон сууцжуулах ёстой гэж Ерөнхий  сайд  амлав. Тиймээс “Залуус 1,2,3” хорооллыг барихаар болоод байгаа юм. Тус хорооллыг 3 жилийн хугацаанд барьж дуусгана.

“Боловсрол хүний амьдралыг ядуурлаас чинээлэг түвшинд шууд аваачиж чадах хүчирхэг онгоц” хэмээн Л.Оюун-Эрдэнэ тодорхойлсон. Монгол хүүхэд дэлхийд оюуны чадавхаар 7 дугаар байрт эрэмбэлэгддэг ч, оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49 дүгээрт, хөгжүүлэх байдлаар 59 дүгээрт, бүтээх үзүүлэлтээр 111 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Хатуухан хэлэхэд манай боловсрол дэлхийд өрсөлдөх чадвараа өдрөөс өдөрт алдсаар байна. Тиймээс Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг жил бүхэн зарлаж, Монгол улсад зайлшгүй хэрэгтэй шинэ үеийг бэлтгэхэд анхаарал хандуулахаа илэрхийлсэн. Ирэх намар уг хөтөлбөр зарлагдана гэх мэдээлэл бий.

Ирэх 4 жилийн хугацаанд Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Зүрх судасны үндэсний төв, Түлэнхийн төв, Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барина. Ингэснээр бид жилд 100-120 сая ам.долларыг гадаадад эмчлүүлэхэд зарцуулж байгаа урсгалыг 30-40 хувиар бууруулах боломжтой.

Зорилт 4: Шударга ёс, цахим засаглал

Иргэд, олон нийтэд үйлчлэх “E-Mongolia” төв Төв шууданд ажиллаж эхлэв. Тус төв нь төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимаар үзүүлж заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлж байна. Иргэд мөн энэ төвд ирж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл зэргээ илэрхийлж болно. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг ч энэ төвд нэгтгэн ажиллуулжээ. Ингэснээр иргэд үйлчилгээ авах гэж хүнд суртал, чирэгдэлд өртөх, цаг хугацаа их зарцуулах, төрийн нэг байгууллага нь бусад байгууллагад байгаа мэдээлэл, баримт бичиг бүрдүүлж ирэхийг шаарддаг зэрэг нь үгүй болох учиртай.

Ийнхүү 4 том зорилт дэвшүүлж, тэр хүрээндээ ажлуудаа эхлүүлэв. Нэн тэргүүнд хүн амаа бүрэн дархлаажуулж, цар тахлаас ангижрах. Ингэснээр эдийн засгаа сэргээх ажлыг эрчимжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү