Голж, шилэх боломжоор хангасан "цатгалан"-100 хоног


2021-05-11 16:49:00

Эдийн засаг болоод эрүүл мэнд гэсэн зоосны хоёр талыг хослуулан авч явах хүндхэн үүргийг шинэ Засгийн газар 100 хоногийн өмнө хүлээн авч байж. БНХАУ-д коронавирус анх дэгдсэн цагаас Монгол Улс “гадна хаалга”-аа хааж, иргэдийнхээ хөдөлгөөнийг хязгаарласнаар иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон амаргүй цаг үе байлаа. Дахин хөл хорио тогтоовол өлсөх үү, өвдөх үү гэсэн сонголтод тулж, аж ахуйн нэгж, байгууллага сүйрлийн ирмэгт тулж, Улсын онцгой комисс ацан шалаанд орсныг шинэ үеийн Засгийн газар хүлээн авсан нь тэр. Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардмагцаа ургах нартай уралдан Улсын онцгой комиссийг Шадар сайд С.Амарсайханы удирдлаган дор шинэчлэн зохион байгуулж, цар тахлын эсрэг шинэ менежментээр хурдтай ажиллахыг үүрэгдэв.

Тэр даруй Эрүүл мэндийн яамны харьяанд ажиллаж байсан Шуурхай штабыг бүтцийн өөрчлөлт хийж ОБЕГ-ын харьяанд шилжүүлж, 24 цагаар 3 ээлжээр ажиллуулж эхлэх нь тэр. Гамшгийн түвшинг “өнгөжүүлж”, иргэдэд ойлгомжтой, энгийн байдлаар зураглав. Гамшгийн үеийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосноор халдварын голомтыг хумиад зогсохгүй хэрхэн үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулах арга тактик боловсрууллаа. Сар шинийн өдрүүдэд “Нэг хаалга-нэг шинжилгээ”-г зохион байгуулсан бол өнгөрөгч 28 хоногийн хөл хорионы үеэр вакцины татан авалтыг эрчимжүүлж, иргэдээ дархлаажуулах ажлыг эхлүүлэв. Өдгөө улс даяараа Улаан түвшнөөс Улбар шарт шилжиж, дархлаажуулалт өргөн хүрээнд эрчимжиж байна.

Ковид-19 халдварын тохиолдлын тоо эрс буурав. Өдөрт 1000 гаруй тохиолдлоор нэмэгдэж байсан халдварын тоо өнөөдөр гэхэд 477 болж 2 дахин буурсан нь дархлаажуулалттай холбоотой гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох тодотгосон юм. Түүний хэлж байгаагаар эхний тунд хамрагдсан иргэдийн 0.5 хувь нь халдвар авчээ.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 80 хувь нь вакцины эхний тунд,  хамрагдсан бол 30 хувь нь бүрэн тунгаа хийлгээд байна. Нийслэлийн иргэдийн 94 хувь нь дархлаажуулалтын эхний тунд, 50 хувь нь II тунд хамрагдсан үзүүлэлттэй. Энэ бол Засгийн газар болоод УОК-ийн 100 хоногийн ажлын үр дүнгийн үзүүлэлт.

Тиймдээ ч иргэд бид ялархаж, вакциныг сайн, муугаар нь өөрийнхөө хэмжээнд эрэмбэлэж, Хятад биш Оросыг авчир гэж туньж сууна. Эрэлт нь нийлүүлэлтээсээ хэд дахин давсан цар тахлын эсрэг вакциныг олж авна гэдэг амаргүй ажил. Тэр дундаа хөгжлийн түвшин тааруу улс орнуудын хувьд ковидын эсрэг вакцин олж авах “тэмцэл” дэлхий дахинд өрнөж байна. Чухамдаа улс орнуудын хувьд засаглалыг шалгаж буй шалгуур болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. ДЭМБ-аас мэдээлснээр, өдгөө Африкийн голдуу 10 орчим улс вакцингүй байна. Тухайлбал, Африк тивийн Буркина-Фасо, Бурунди, Эритрей, Танзани, Номхон далайн зарим арлын улсууд вакцин олж авч чадаагүй гэсэн үг. Тиймээс төрийн гуйлтаар биш иргэд нь хүссэн ч, голж шийлэхгүй хийлгэе гэсэн ч тэдэнд вакцин алга.

Монгол Улсын хувьд вакцины татан авалт 7 хоногоор саатсаныг эс тооцвол Засгийн газар, УОК шуурхай ажилласан. Энэтхэг, Орос, Хятад, Солонгост үйлдвэрлэсэн вакцинуудыг татан авч, өдгөө иргэдээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалж, урамшуулал өгч байх жишээтэй.

Дэлхийн 200 гаруй улс орны хувьд  коронавируст цар тахлын эрсдэлийг бууруулах үндсэн гол гарц бол вакцинд хэрхэн яаж иргэдээ хамруулах вэ гэдэг шийдэл хүлээсэн асуудлыг шийдэхэд хэцүү байгаа энэ үед Монгол Улс ийнхүү дархлаажуулалтыг амжилттай үргэлжлүүлж байгаа нь төр, засгийн зүгээс цаг алдахгүй, маневртай арга хэмжээнүүд авч байгаатай шууд холбоотой. “Our World in Data”-д 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар Монгол Улс вакцинжуулалтаараа Азид тэргүүлж эхэлсэн талаар мэдээлж байлаа. Энэ бол манай улс энэ арга хэмжээг эрт эхлүүлсэн Сингапурын урд гишгэсэн үзүүлэлт байв. “The New York Times”-ын тавдугаар сарын 1-нд шинэчилсэн дата мэдээллээс харахад  ковидын эсрэг дархлаажуулалтаар Монгол Улс дэлхийд 19-т эрэмбэлэгдэв. Чамлахааргүй өндөр үзүүлэлт.

Ямартай ч хаврын хавсаргатай өдрүүдэд сайн, муугаараа хэлүүлэн байж Улсын онцгой комисс, Шадар сайд С.Амарсайханы удирдлаган доорх баг өнөөдрийг хүртэл 14 удаагийн татан авалтаар 4 төрлийн 2.924.940 тун вакциныг татан авч, иргэдээ амжилттай дархлаажууллаа. Тодруулбал   

  • Спутник-V 50000 
  • Файзер-БиоНТек 25740 
  • Синофарм Вероселл 2,634,400 
  • АстраЗенека 214,800 

Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд стратегийн өндөр ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдээс гадна олон ажил багтана. Энэ удаад цар тахлын эсрэг арга хэмжээг нь онцолсон нь энэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү