АН нэгдэхээ мэдэгдэж, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг эргэн ирэхийг урилаа


2021-09-27 14:05:24

АН С.Зоригийн хөшөөний өмнө хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хуралд 1990 оны Ардчилсан хувьсгалын анхдагч гурван намын анхны дарга нар, УИХ-ын АН-ын бүлгийн гишүүд болон АН-ын ҮБХ-ны гишүүд оролцлоо.

Хэвлэлийн хурлаар АН-д үүсээд буй одоогийн үл ойлголцлыг эцэслэн “ЭВ НЭГДЛИЙН ИХ ХУРАЛ”-ыг ирэх 11 дүгээр сарын 5-ны өдөр зарлан хуралдуулах тухай мэдэгдлээ.

О.Цогтгэрэл "Аливаа бүхэн өөрийн гэсэн цагтай, тийм учраас АН-ын одоогийн уналт, доройтол, ялагдалд цэг тавьж, эргэлт сэргэлтийн цэгийг бий болгохоор АН-ын үе, үеийн төлөөлөл цуглан энэхүү мэдэгдлийг хийж байна. АН-ын хувьд бид амаргүй цаг үеийг туулаад өнгөрж байна. АН нь хэн нэгний байгуулсан нам биш, АН бол Монголчуудын эрх чөлөөний төлөөх хүсэл, зоригоос төрсөн нам билээ. Тийм учраас АН заавал эргэн сэргэх ёстой. Нөгөө талаас одоо эрх барьж буй хүчны явуулж буй бодлого нэг намын засаглалыг бүрдүүлэн, олон жижиг тоглоомын намуудтай байх бодлогыг хэрэгжүүлж байна. Монгол Улс хүчирхэг хоёр улсын дунд оршдог, ийм нөхцөлд Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөнд парламентын засаглал салшгүй холбоотой. Олон намын тогтолцоо, хоёр хүчирхэг нам дээр тулгуурладаг олон улсын жишиг байдаг. АН-ын дотоод асуудал бол Монгол төрийн Монгол Улсын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой асуудал. Ийм учраас бид ойлголцож зөвшилцөөд 2021 оны 11 сарын 5 буюу өвлийн эхэн сарын шинийн нэгэн Их Эзэн Чингис хааны төрсөн өдрөөр, “ЭВ НЭГДЛИЙН ИХ ХУРАЛ” -аа зарлан хуралдуулахаар гэж шийдлээ" гэлээ.

М.Тулгат "Өнөөдрийн Монгол Улсад нүүрлээд байгаа нөхцөл байдал, эрх баригчдын алдаатай бодлого, эргэж буцсан шийдвэрүүд, эргээд хариуцлага хүлээдэггүй дүлий дүмбэ оргисон, ёс зүйгүй бөгөөд төрийн энэ ялзарсан байдалд сөрөг хүчний дуу хоолой яалт ч үгүй хэрэгтэй байна. Сөрөг хүчний дуу хоолой гэдэг бол улс төрөөр бизнес хийдэг, халаасандаа намын тамга хармаалчихаад явж байдаг, талбай дээр ирж лайв хийдэг ийм гудамжны улс төрийг хэлэхгүй. Өнөөдөр парламентад суудалтай, бүлэгтэй АН бодлогын ул суурьтай, улс төрийн соёлтой сөрөг хүчний үйл ажиллагааг явуулж эхлэх цаг болсон байна. 11 сарын 5 гэдэг бол бид өөрсдөдөө даалгавар өгч байгаа юм. АН одоо үүсээд байгаа асуудал бол хэдэн хүний эрх ашиг, сонирхлын зөрчилдөөн биш энэ бол сүүлийн 20-оод жил явж ирсэн АН-ын дотоод нөхцөл байдал, дүрмийн шинж чанартай үл ойлголцол юм. Энэ удаагийн эвлэрлийн их хурал бол маш чухал түүхэн үүрэг хариуцлагатай" хэмээсэн юм.

Мөн энэ үеэр Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл Монгол Улсын Баатрын тэмдэгээ Ардчилсан нам туганд зүүн өгч хүндэтгэл үзүүллээ.

Э.Бат-Үүл "АН бол Монгол Улсын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэх нам. Монголын АН нь Монгол Улсыг зөвлөлтийн колоничлолоос салгаж Монголын ард түмнийг эрх чөлөөтэй болгосон түүхэн гавьяатай нам. Монголын Ардчилсан нам үүгээрээ Монгол Улсын Баатар ч багадахаар тийм их гавьяатай нам юм. 2009 онд Ерөнхийлөгч зарлиг гаргахдаа Монголын Ардчилсан намын түүхэн гавьяаг үнэлж хүндэтгэж үзэх ийм зорилгоор Баатрын цолыг надад зүүлгэсэн, тэгэхдээ ерөнхийлөгч надад хэлэхдээ “Энэ шагналыг чамд өгч байгаа юм биш шүү энэ бол Ардчилсан хувьсгалын дэмжсэн Монголын ард түмэн, Монголын ардчилсан намын мянга мянган гишүүдийг төлөөлүүлэн чамд өгч байгаа юм. Одоо байгаа хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд чамд төлөөлүүлэн олгож байна” гэж хэлж байсан. Би 2009 оноос хойш энэ баатрын тэмдэгээ хүндэтгэн зүүж ирсэн. Би АН-ынхаа гишүүдтэйгээ уулзах болгондоо тэмдэгээ харуулаад энэ бол та нарынх юм шүү гэж хэлдэг. Өнөөдөр АН-ын түүхэнд гайхамшигтай үйл явдал болж байна. Хоёр залуу лидерээрээ үнэхээр бахархаж байна, энэ сайхан үйл явдлыг ашиглаад энгэр дээрх баатрын тэмдэгээ эзэнд нь өгье, туган дээр зүүж өгье гэж шийдлээ.

АН-ын ЭВ НЭГДЛИЙН ИХ ХУРАЛ 2021 оны 11-р сарын 5-д болох болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү