А.Ариунзаяа: Тэтгэврийн нөөц сан бүрдүүлнэ


2021-09-29 14:57:39

Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг хэлэлцсэн билээ. Хэлэлцсэн асуудлын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар боллоо. Нийгмийн даатгалын тухай хуулиуд 1995 онд анх батлагдаж байсан. 26 жилийн хугацаанд 30 гаруй удаа нэмэлт өөрчлөлт орсон. Эдгээр нэмэлт өөрчлөлтөөр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, ажил олгогч, даатгуулагчийн шимтгэлийн хувь хэмжээг нэмэх, үнийн өсөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, эхчүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор хүүхдийн асрах хугацааны шимтгэл төлөлтийг таслахгүй байх, төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор шимтгэл төлөх хугацааг нэмэх, малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах, НДШ-ийг нөхөн төлөх зэрэг олон өөрчлөлт орсон.

Өнгөрсөн жил цар тахлын улмаас 2020.04 сараас эхлэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Ингэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, 900 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлт, шимтгэлийн чөлөөлөлт, тэтгэмжийг олгосон. Ингэснээр ажил олгогчдод санхүүгийн дэмжлэг болсон. Мөн ажлын байраа хадгалж иргэдэд үр дүн өгсөн. 

Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ковидоос бусад арга хэмжээнүүд нь нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нэлээдгүй нэмэгдүүлсэн. НДШ-ийг бууруулж байснаас биш нэмэгдүүлж байсан нь цөөн. Бууруулахдаа хамрах хүрээг нь нэмэгдүүлсэн. Энэ нь нэлээдгүй алдагдалд оруулж байсан нь эргээд Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой, бие даасан байдлыг бий болгох, зөвхөн Нийгмийн даатгалын хуулиар нийгмийн даатгалын тогтолцоо бүрддэг байх өөрчлөлтийг хийх шаардлагатай болсон.

Хүн амын насжилт нэмэгдэж байна. Энэ хэрээр ирээдүйн төлөвлөлтөө тэр хэмжээнд нь хадгалах ёстой.

Нийгмийн даатгалын хүрээг нэмэгдүүлэх, мөн олон давхаргад шилжүүлэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдаж, санг алдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бие даасан тогтолцоог бий болгох, хуримтлалын нэгдсэн сан бий болгож, иргэд бодит хуримтлалтай болгох эрх зүйн шинэчлэл хийх. Мөн бүх ахмад настан суурь тэтгэвэр олгох, хувийн тэтгэврийн нэмэлт даатгалыг нэвтрүүлэх нөхцөлүүдийг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийг дэмжих зүйл заалт тусгасан.

Багц хуульд 5 хууль багтаж байгаа. Эдгээр хуулийн төслийн онцлох заалтуудыг хэлбэл

  • Нийгмийн даатгалын ерөнхий хуульд НД-ын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох. НД-д даатгуулах, шимтгэл төлөх, сан бүрдүүлэх. Уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах тайлагнах, хяналлт тавих талаар тусгасан.
  • Тэтгэврийн нөөц санг бүрдүүлэх, хуваарилалтын тогтолцооноос үе шаттайгаар хагас хуримтлалын тогтолцоонд 2030 он гэхэд шилжиж, түүнээс хойш бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих ажлыг эхлүүлж байна.
  • Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөлд олон давхаргад тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх. Тэтгэврийн ердийн насанд хүрсэн тэтгэврийн авагчид суурь тэтгэвэр олгох талаар тусгасан" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү