АН "амь орсон" ч хүнлэг чанараа гээжээ


2021-09-30 16:54:03

Зунжингаа хийцгүйрсэн АН амь оров. Сүүлийн хэдэн жил сөрөг хүчний үүргээ умартаж, дотоод хагаралтайгаа ялзарсан АН нөхөн сонгуулийн сургаар эвсэх тохироо хийж, хууччуулаа даллаж байгаагаа мэдэгдсэн нь саяхан.

Нэгдсэн намын эхний акц нь цар тахлын улмаас өвчиндөө шаналж, гэр бүлийнхнээ алдсан хүмүүсийн уй гашуугаар улс төр хийх гэнэ. Сэдэв ховордож, өдөр мундсан биш дээ, АН-ынхаан.

Намрын чуулганы эхний өдөр Төрийн ордныг гороолох ажиллагаа сэдэж, олныг бөөгнөрүүлэх ажиллагаандаа иргэдийг уриалахыг хичээнэ. Аль болох олон хүний бөөгнөрөл үүсгэх нь ковид-19 халдвар тархах үүр уурхай болж байгааг Эрүүл мэндийн яам өдөр бүр сануулна. Өдөрт 20 шахам хүн эндэж байгаа энэ аюулт өвчнийг нийтээрээ эрсдэл болоод хохирол багатай даван туулах гэж чармайж байна. Гэвч эвсэж нэгдсэн гэх АН-д энэ нь падлийгүй бололтой. Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагаас жагсаал цуглаан хийхгүй байхыг анхааруулсан. Гэвч УИХ-д суудалтай АН төрийн байгууллагын шаардлагыг үл тоохоо мэдэгдэв.

Уг нь УИХ дахь АН-ын бүлэг сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж намрын чуулганы эхний өдрийг сонгосон юм бол Төрийн ордон дахь дугуй танхимдаа асуудлаа тавьж, эсэргүүцлээ илэрхийлж болох бус уу.

Нөгөөтэйгүүр цар тахлын улмаас ар гэрийнхээ алдсан иргэдийн уй гашууг хуваалцдаггүй юмаа гэхэд сэтгэлийг нь хөндөхгүй байх хүн чанар АН-д дутлаа.

Ирэх оны төсвийг өргөн барьсан энэ үед эдийн засгийн уналт, өсөлт, хүний хөгжил гээд ярих, шүүмжлэх, попрох сэдэв мундахгүй. Үгүй дээ, олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татдаг хүүхдийн мөнгө, халамж, тэтгэвэр, цалин гээд АН-ыг тодотгох, том харагдуулах “попрол” олон.

Мөн шатахууны хомсдол ч бэлэн сэдэв. Тийн атал нулимс нь хатаагүй байгаа иргэдийнхээ сэтгэлээр улс төр хийх цаг нь мөн гэж үү АН-ынхаан.

АН-ынхныг амь орсонд нь талархаж байгаа ч аргаа ядсан улс төр хийхийг нь хараад эмгэнэж байна, ард түмэн чинь.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү