ХҮЧИРХЭГ УДИРДАГЧ ба ТОГТВОРТОЙ ТӨР, ЗАСГИЙН НУУЦ-3


2021-06-06 17:13:12

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын нийтлэлийг хүргэж байна.

Цуврал 3

Дээрх үндсэн сэдвийн хүрээнд ХБНГУ-н Канцлер Меркелийн ололт амжилтанд нөлөө бүхий “МЕРКЕЛИЙН БАГ БУЮУ ТҮҮНИЙ БАГИЙН ТОГЛОЛТ”-н талаарх цуврал бичиж байгаа билээ. Үүний өмнөх нийтлэлд Меркелийн хамгийн ойр дотны 2 эмэгтэй ажилтан болох Б.Бауманн ба Э.Кристиансен хатагтай нарын тухай буюу “Охидын клуб”-н гишүүдийг танилцуулсан. Энэ удаа түүний багийн тэргүүн эгнээнд хамт байдаг хүмүүсийн тоонд зүй ёсоор багтах Канцлер А.Меркелийн нөхөр И.Зауер ба намын хамтран зүтгэгч, түүний халааг авах байх гэсэн найдвар тээж явсан А.Крамп-Карренбауер ба түүний хүрээллийн 2 ба 3-дахь тойргийн 5 улстөрчийн тухай товч өгүүлэх болно.

МЕРКЕЛИЙН БАГИЙН ТОГЛОГЧИД

3. БАТТАЙ АР ТАЛ буюу МЕРКЕЛИЙН ХАНЬ И.ЗАУЕРИЙН ТУХАЙ

ХБНГУ-ын Канцлерь Меркелийн багийн шилдэг тоглогчдын хамгийн ойр дотны хүмүүсийн тэргүүн эгнээнд “Охидын клуб”-н хоёроос гадна мэдээж түүний нөхөр, байгалийн ухааны эрдэмтэн ИОАХИМ ЗАУЕР зүй ёсоор орно. Түүнийг тойрон хүрээлэгч дотны тойрогт мөн нэрд гарч яваа улстөрч, А.Меркелийн залгамжлагч ч гэж нэрлэгддэг АННЕГРЕТ КРАМП-КАРРЕНБАУЕР хатагтай багтах бөгөөд энэ 4 хүнийг канцлерийн хамгийн итгэл хүлээсэн тэргүүн эгнээний шилдэг хамтрагчид нь ч гэдэг.

Итгэлтэй эдгээр хүмүүсийн дараагийн тойрогт буюу 2- дахь хүрээнд ПЕТЕР АЛТМАЙЕР, ШТЕФФЕН ЗАЙБЕРТ, ФОЛКЕР КАУДЕР нар, ойр дотно хамтран ажиллагчдын 3-р тойрогт ЮЛИА КЛОЕКНЕР, У.Ф. Д. ЛЯЙЕН хатагтай нар ба ХЕЛГЕ БРАУН нар багтдаг.

Эдгээр хүмүүс бүгд Меркелийн багийн тоглогчдын үүргээ маш хариуцлагатайгаар ухамсарлаж, чин шударгаар гүйцэтгэж ирсэн байдаг.

Б.Бауманн ба Э.Кристиансен нартай зэрэгцэн канцлерийн нөхөр, мэргэжил нэгт, квант физикч, Зүүн Германы Бранденбург мужийн Хойерсверда хотод 1949 онд төрсөн ИОАХИМ ЗАУЭР хамгийн дотны, итгэлт хүмүүсийн нэгд зүй ёсоор орно. 1967-1972 онд Берлиний Гумболдьтын Их сургуульд суралцан, квант физикчийн мэргэжлээр амжилттай төгсөөд, БНАГУ-н ШУА-д ажиллаж байв. 1992-1996 онд Зауер Гумбольдтын их сургуульд харьяалагдаж байсан Макс Планкийн нийгэмлэгийн квант-химийн ажлын хэсгийг ахалж байв. 1993 онд тэрээр Гумбольдтын их сургуулийн физик, онолын химийн тэнхимийн профессороор томилогдсон. Зауерын судалгаа шинжилгээний үндсэн чиглэлүүд нь органик бус кластеруудын тооцоо, цеолит систем дээрх гетероген каталитик процессын бүтэц, энерги, динамикийн онолын судалгаа юм. Зауер хэдэн зуун эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн бөгөөд нэлээд хэсгийх нь хамтран зохиогч нь 1998 онд түүнтэй гэрэлсэн Ангела Меркель юм. 2017 оны 10-р сард И.Зауер тэтгэвэртээ гарсан боловч ахлах судлаачаар өнөөг хүртэл ажилласаар байна. Өндөр албан тушаалтай эхнэрийнхээ албан ажил, өдөр тутмын үйл ажиллагаанд тэр бүр оролцоод байдаггүй, харин өөрийн дүрээ нэг талаар “сонгодог” утгаар нэлээд далд байдалд сайн гүйцэтгэдэг нэгэн. АНУ-н ерөнхийлөгч Ж.Бушийн айлчлалын үеэр 2006 оны 7-р сарын 13-нд анх удаа өөрийгөө олон нийтэд харуулсан гэдэг. Тэр битгий хэл 2005 онд А.Меркелийг Холбооны канцлераар сонгогдсон баяр ёслолын төв арга хэмжээнд оролцоогүй нь хэвлэлийнхний сонирхлыг их татаж, элдэв таамаглал дэвшүүлэн, нэлээдгүй бичиж байсныг санаж байна. Жил бүр зохион байгуулагддаг Байройт болон Залцбург хотын фестивальд хамт оролцдог уламжлалаа харин байнга хэрэгжүүлдэг ба гадаад аялалуудад ер нь хамт явдаггүй. Тэдний гэр бүл маш энгийн амьдралтай бөгөөд хамтдаа явган аялал хийх дуртай. Ойрхон байгаа хүнсний дэлгүүрээс бусдын нэгэн адил хүнсээ цуглуулах зэрэг зарим нэг фото зургууд хэвлэлд гарсан байхыг харж байлаа. Жил бүрийн албан ёсны амралтын үеэрээ голдуу Өмнөд Тиролын уулаар аялах, дуурийн зуны тоглолтуудыг үзэх зэргээр амралтаа өнгөрүүлдэг. А.Меркель гэрийн эзэгтэйн хувьд гэрийнхээ ойр байдаг “Ульрих “ хүнсний дэлгүүрт ирж худалдан авалт тогтмол хийдэг бөгөөд тус дэлгүүрийн эрхлэгчийн олон нийтэд өгсөн ярилцлаганд: “Тэр ямар нэгэн давуу эрх эдлэхгүй. Дашрамд дурдахад, хатагтай Меркель үргэлж дэлгүүрээс авсан хүнсний зүйлтэй тороо хамгаалагч нь биш өөрөө авч явдаг. Энэ бүхэн бол түүний хувьд хэвийн зүйл.” гэж хэлсэн байдаг. Энэ дэлгүүртээ А.Меркель 2014 онд Хятадын ерөнхий сайд Ли Кэчянтай ирж, герман хүнсний бүтээгдэхүүн ялангуяа хиамны талаар дэлгэрэнгүй тайлбарлаж байсан тухай мөн хэвлэлүүдээр гарч байлаа. Ийм л энгийн амьдралаар нөхөр Зауерийн хамт амьдарч байгаа нь ард түмэндээ бас эерэг сэтгэгдэл төрүүлдэг нь дамжиггүй.

А.Меркель нөхөр Зауертайгаа үндсэн асуудлуудаар гол санал, бодлоо зөвлөлдөж шийдэл гаргахад тусламж авч байсан гэж хэвлэлүүдэд бичдэг. Жишээ нь Ардчилсан Германы зах зээлийн шилжилтийн ба хоёр Герман нэгдэх үед Меркельтэй хамт байж, түүний улс төрийн зоригтой шийдлүүд гаргах, хийх алхмаа зөвлөлддөг чухал хүн нь түүний нөхөр байсан гэж Германы хэвлэлүүдээс уншиж байлаа. Тэгэхээс ч өөр аргагүй байх, учир нь хамтран амьдарч, хамтран эрдэм шинжилгээний бүтээл туурвидаг эхнэр нь их улс төрд том зорилготой орохын тулд хоорондоо зөвлөлдөж, хамтын шийдвэр гаргаж байсан нь дамжиггүй гэж хэнд ч бодогдохоор. Бас канцлерийг хамгийн шударгаар шүүмжилдэг хүнд түүний нөхөр зайлшгүй багтдаг гэлцдэг. И.Зауер хувийн амьдралаа хэвлэл мэдээллийн хэрэгслээс маш сайн хамгаалдаг. Тэрбээр эрдэм шинжилгээний ажилтайгаа холбоогүй ярилцлага хийх хүсэлтээс байнга татгалздаг нэгэн. Ийм том гүрний удирдагчийн ар тал найдвартай, энгийн, ёс зүйтэй өөрийн үндсэн ажил болох эрдэм шинжилгээ судлагааны ажилдаа шамдан ажиллаж байгаа нь бас үлгэр авмаар зүйлийн нэг юм.

4. МЕРКЕЛИЙН ЗАЛГАМЖ ХАЛАА гэж нэрлэгдэж байсан АННЕГРЕТ КРАМП-КАРРЕНБАУЕР-н тухай

1962 онд төрсөн, АННЕГРЕТ КРАМП-КАРРЕНБАУЕР нь Христосын Ардчилсан Холбоо нам (ХАХ) намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан цагаас Меркелийн дотны хүмүүсийн нэг болжээ. Түүнийг улс төрийн хүрээнийхэн товчоор “АКК хатагтай” гэж нэрлэдэг. 1982-1990 онд А.Крамп-Карренбауер Триер, Саарбрюккений их дээд сургуулиудад улс төр, эрх зүйч мэргэжлээр суралцаж төгсөөд, 1990 онд улс төрийн шинжлэх ухаан, нийтийн эрх зүйн чиглэлээр Магистра Артиум академийн зэрэгтэй суралцаж төгссөн, 3 хүүхдийн ээж болсон хүн юм. 1989 онд намын дарга Хельмут Колийг үнэнч дагалдагчидтай нь хамт унагах, харьцангуй сулраад байсан ХАХ намыг сэргээх асуудалд хөтөлбөрийн мэтгэлцээний журмаар А.Меркельтэй хамт тууштай хамтран ажилласан нэгэн. Мөн тэрбээр намын төв штабыг канцлераас хараат бус ажиллуулахыг өмнөх дарга нараас илүү хүсдэг. Үүнийг ч Меркель дэмждэг байв. А.Меркель, А.Крамп-Карренбауер нар бие биенээ үнэлж, бие биендээ маш их итгэдэг, бие биенийхээ итгэлийг даадаг хүмүүс төдийгүй Крамп-Карренбауерыг “Меркелийн залгамжлагч”, түүний улс төрийн карьерийн “өвийг сахигч” гэж улс төрийнхөн үздэг байлаа. Ялангуяа түүний 2018 онд хэлсэн “Миний албан үүргийн хугацаа дуусах үеэс /2021/ хойш би дахин улс төрийн албан тушаал хашихгүй. Өнгөрсөн жилүүдийн алдаа оноо болон амжилт, ололтын аль алинд нь би бүрэн хариуцлага хүлээнэ. ” гэсэн энэ үг өөрийн толгойлдог Христосын Ардчилсан Холбоо намын даргын сонгуульд мөн өрсөлдөхгүй гэсэн санааг агуулж байв.

Энэхүү үгнээс хойш хатагтай А.Крамп-Карренбауерийг түүнийг залгамжлан үлдэх нь гэж олон нийт ойлгож, хүлээж байв. Учир нь тэр 2018 онд ХАХ намын ерөнхий нарийн бичгийн дарга, 2019 онд ХАХ намын даргаар сонгогдсон. Гэтэл хэд хэдэн мужуудад нам нь сонгуульд ялагдал хүлээсэн нь Меркелийн халааг авах сонголт өөрчлөгдөх нь гарцаагүй болжээ. Мөн намынхаа шинэ удирдагчаар ажилласнаас хойш бараг нэг жилийн дараа буюу 2019 оны сүүлээр Аннегрет Крамп-Карренбауэр бүрэн эрхийнхээ хугацаанд хэд хэдэн алдаанууд гаргаснаа хүлээн зөвшөөрч, намын даргад болон канцлерт нэр дэвшихээсээ татгалзжээ. ХБНГУ-ын Христийн ардчилсан холбоо намын 33-р бага хурал 2021 оны 1-р сарын 15-наас 1-р сарын 16-ны хооронд анх удаа орон нутгийн төлөөлөгчдийн оролцоогүйгээр дижитал арга хэмжээгээр болж өнгөрсөн бөгөөд намынхаа гүйцэтгэх хороо болон намын шинэ даргыг бүхэлд нь сонгох явдал байв. Намын даргаар Нордрайн Бестфален мужийн ерөнхий сайд Армин Лашет хэмээх туршлагатай улстөрч сонгогдсон байна. Меркель дотны хамтран зүтгэгчээ 2019 оноос хойш Батлан Хамгаалхын сайдаар томилж, хуучин байсан сайд, мөн нэгэн багийн гишүүн Урзула Фон Дер Ляйеныг Европын Холбоог тэргүүлхээр илгээжээ.

5. БАГИЙН БАТТАЙ ХАМГААЛАГЧДЫН 2-Р ТОЙРОГ:

П.АЛТМАЙЕР, Ш.ЗАЙБЕРТ ба Ф.КАУДЕР НАРЫН ТУХАЙ

А.Меркелийн хамтран зүтгэгч, баттай тоглогчдын дараагийн буюу 2-р тойрог эрчүүдээс бүрддэг. Түүний эгнээнд 2018 оноос хойш Меркелийн 4-дэх засаглалын үед эдийн засаг, эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа 1958 онд төрсөн П.АЛТМАЙЕР орох бөгөөд 2 ба 3-дахь засаглалын үед төрөл бүрийн салбарын сайдаар мөн ажиллаж байсан туршлагатай нэгэн. Түүнээс гадна Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчөөр 2010 оноос хойш Меркельтэй ойр ажиллаж байгаа Ш.ЗАЙБЕРТ канцлерийн ажил, амьдралд хамгийн их чин сэтгэлээсээ ханддаг нөхдийн нэг. Мөн Ф.КАУДЕР ойр дотны нөхдийн тоонд орох нь дамжиггүй. Тэрээр 1990 оноос хойш Германы Бундестагийн гишүүн бөгөөд 2005-2018 онд парламентын ХАХ нам ба ХНХ намын /CDU, CSU/ бүлгийн даргаар ажиллаж байсан нь тус бүлгийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд албан тушаал хашиж, улс төрийн болон намын асар туршлагатай болсон нэгэн. Тэрбээр Меркелийн бас нэг шилдэг зөвлөгч, хамтрагч нь юм.

6. БАГИЙН НӨЛӨӨТЭЙ ХАМГААЛАГЧДЫН 3 -Р ТОЙРОГ:

Ю.КЛОЕКНЕР, Х.БРАУН ба У.Ф. Д. ЛЯЙЕН НАРЫН ТУХАЙ

А.Меркель канцлерийн улс төр, намын баттай хүрээлэлд багтах, хамтран ажилладаг найдвартай үнэнч нөхдийн 3-р тойрогт одоогийн Хүнс, хөдөө аж ахуйн сайд хатагтай Ю.Клоекнер, Тусгай үүрэг чиглэлийн сайд Х.Браун нар гарцаагүй орно. Энэ багт мөн өмнө нь Батлан хамгаалхын сайд байсан, 2019 оноос Европын Холбооны Комиссын ерөнхийлөгчөөр сонгогдсон, 1958 онд төрсөн, таван хүүхдийн эх, 2020 оны Time сэтгүүлээс хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад орсон У.ф. д. ЛЯЙЕН хатагтай зүй ёсоор багтана.

Дээр бичигдсэн дотны нөхдүүд нь Меркелийг Германы канцлераар ажиллах 16 жилийн турш ард талд нь бат түших хэрэм цайз мэт байж, том зорилгын төлөө, намынхаа нэр хүндийн төлөө, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө туйлбартай хамтран ажиллаж иржээ. Мэдээж өдөр болгон тэдний хувьд ялалт байгаагүй ч цагаачдын асуудал, цар тахлын хүнд үед гарч буй бэрхшээлтэй асуудал гээд олон чухал, анхаарал татсан асуудлуудад оновчтой шийдвэр гаргахад мэргэжлийн хүчирхэг багийн дэм тус их байгаа нь ойлгомжтой хэрэг юм.

Эл багийн амжилт нь улс орноо гэсэн чин сэтгэлийн төлөөх итгэл үнэмшил, хариуцлага, сахилга батаа ажил хэргийн ёс зүй ба үнэнч шударгаар “чимсэн” учраас хатагтай А.Меркель том гүрнийг ийнхүү удаан засаглаж, удирдаж явахад хүргэсэн нь дамжиггүй гэж ойлгогдохоор байна.

Монголчууд маань дов болгондоо хаан болох, жалга бүртээ эзэн суух “би” гэх амбицаа дарж, улс төрд хөл тавих залуус бүр Меркель шиг улстөрч болохын төлөө гэхээсээ илүү түүний хүчирхэг нэгдмэл баг шиг Монгол Улсынхаа хөгжлийн төлөө хамтын хөдөлмөрөөр амжилтад хүрэх чухал үе ирснийг ойлгож, сэхээрэх цаг болжээ. А.Меркелийн багийн гишүүдээс суралцах зүйл бишгүй байгааг олж харсан болов уу хэмээн энэхүү нийтлэлээ өндөрлөж байна.

Дараагийн удаа Канцлер А.Меркелийн арга барил, туршлага дээр тулгуурлан бид хэрхэн ажиллах тухай өөрийн эргэцүүллээ Цуврал-4 болгон хүргэх болно.

Д.Тэрбишдагва

Зургийн тайлбар:

1. АНУ-н Ерөнхийлөгч Обамагийн ХБНГУ-д хийсэн айлчлал

2. ЕХ-ны Ерөнхийлөгч У.Ф.д. Ляйены хамт

3. А.Меркель канцлерийн багийн тойрог

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү