Т.Доржханд: У.Хүрэлсүх танд баяр хүргэж, амжилт хүсье


2021-06-10 12:42:17

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалттай холбогдуулан мэдээлэл хийлээ.

ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд "Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилээр сонгох сонгууль түүхэндээ анх удаа болж, төрийн тэргүүнээ амжилттай сонголоо гэж бодож байна. Энэ удаагийн сонгууль өмнөх 30 жилд болж байсан сонгуулиудаас маш ялгаатай боллоо. Бид сонгуулийнхаа нээлтийн үеэр цар тахлын энэ үед хамгийн бага зардлаар сонгууль хийе. Самбар байрлуулахгүй, зөвхөн ухуулагчдыг ажиллуулж, нийгэмд стресс, бухимдал бий болгохгүй байх уриалга гаргаж байсан. Тэр уриалгыг өрсөлдөж байгаа нэр дэвшигчид, улс төрийн намууд хүлээн авч, маш зардал багатай сонгууль боллоо.

Сонгуульд ялалт байгуулсан МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд баяр хүргэж амжилт хүсье. Мөн АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн С.Эрдэнэд амжилт хүсч, цаашдынх нь ирээдүйд сайн сайхныг хүсье. Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр хүндтэй эрхэм өрсөлдсөн. ХҮН-аас Д.Энхбат өрсөлдлөө. Харамсалтай нь, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул хүрэлцэн ирэх боломжгүй байна. Бидэнд саналаа өгсөн 249.000 гаруй сонгогч нартаа талархлаа илэрхийлье. Өнгөрөгч 2020 оны сонгуульд орон даяар оролцож байхад ХҮН-д 209 мянган хүн саналаа өгч байсан бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 250 мянган хүн саналаа өгсөн. Энэ бол биднийг дэмжигчдийн тоо өссөөр байна.

Цаашид Монголын улс төрд шинэ салхийг салхилуулах, эрүүл зөв хүмүүсийг энэ эвслээс цаашид нэр дэвшүүлэх болно.Бодлого, улс төрийн үнэт зүйлээр өрсөлдөж чадна гэдэг итгэл үнэмшлийг авч чадлаа. Ялангуяа гадаад дахь иргэд сонгуульд идэвхтэй оролцлоо. Гадаад дахь иргэдийн 75.4 хувь нь ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатад саналаа өгсөн байна. Энэ удаагийн сонгуулийн маш том онцлог нь манай эвслийн хувьд 1.5 тэрбумын зардал гарсан. Энэ бүх мөнгө хандиваар боссон. Гадаад дахь иргэд хандиваар цугласан. Мөнгөгүйгээр иргэдийн оролцоотойгоор сонгуульд оролцож болно гэдгийг харууллаа.  Бид ялагдсан биш Монголын улс төрд ахиц түвшнийг оруулж чадсан" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү