Н.Батшугар, М.Батбаяр нар нөхөн сонгуульд нэр дэвшинэ


2021-06-11 10:07:51

Г.Занданшатарын ангид дахин нэг суудал эзгүйрлээ. Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон У.Хүрэлсүх Төрийн тэргүүний тангараг удахгүй өргөнө. Ингэснээр тэрбээр УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх юм.

УИХ 76 гишүүнтэй байхаас 74 болж байгаа нь энэ. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъяабазар дархан эрхээсээ татгалзаж, хотын дарга болсон. Тухайн тойргийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийнхтэй хамтатгаж хөрөнгө, мөнгө хэмнэнэ гэж байсан ч ирэх аравдугаар сар хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан билээ.

Тодруулбал, хэдийгээр дээрх хоёр сонгуулийг тусад нь зохион байгуулбал нэг тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Харин хамтад нь 100 орчим сая төгрөгт багтаан зохион байгуулах зардлын тооцоог СЕХ-ноос хийсэн байдаг. Гэвч сонгуулийг нэг өдөр зохион байгуулвал техник технологийн хувьд хүндрэлтэйгээс гадна хоёр өөр хуулиар зохион байгуулаад, дараа нь маргаан дагуулна гэх үндэслэлээр хойшлуулах шийдвэр гаргаж байв. Энэ бол гол шалтгаан биш. Харин МАН, МАХН-ын хамтын ажиллагааны яриа эхэлж, тохиролцоо хараахан дуусаагүй байснаас уг нөхөн сонгуулийн товыг хойшлуулсан гэлцэх нь бий.

Олны үг ортой гэгчээр хоёр намын нэгдлийн тохиролцооны нэг хэсэг нь Н.Энхбаярын хүү Э.Батшугар парламентын босго давах. 2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн боловч өвдөг шороодсон. Харин энэ удаад ууган улс төрийн намын аппаратыг ашиглаж, нөхөн сонгуулиар орж ирэх тохиролцоотой. Тиймдээ ч бие даан нэр дэвшиж, чамгүй санал цуглуулж дөнгөсөн С.Мөнхчулуунд улаан батлахыг нь гардуулаад “халааслачихсан”. Шулуухан хэлэхэд түүнд өрсөлдөгч байхгүй.

Тэгвэл ирэх аравдугаар сард Хэнтий аймагт нөхөн сонгууль мөн болно. Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн нэрс ч чих дэлсээд эхлэв. Өдгөө Соёлын дэд сайдаар ажиллаж байгаа М.Батбаяр нөхөн сонгуульд өрсөлдөхөөр сэм бэлтгэлээ базааж, Тусгаар тогтнолын ордноос салахаа больсон сурагтай. “Идеал” группын захирал М.Батбаяр өмнө нь хүчингийн хэрэгт холбогдож, дархан эрхээсээ татгалзаж байсан Д.Гантулгын орон зайнд орж ирэх гэж чамгүй хичээл зүтгэл гаргасан ч талаар болсон билээ. Энэ удаад түүнд боломж олдох магадлал тун өндөр.

М.Батбаяр нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газрын бшрэлдэхүүн бүрэлдэх үеэр Барилга хот  байгуллагын дэд сайдад зүтгэсэн нэгэн. Гэвч яамдын дэд сайд нарыг батламжлах үеэр 3 яамны дэд сайдыг буцаасны нэг нь тэр байв. Үндэслэл нь М.Батбаяр нь ашиг сонирхлын зөрчилтэй. Тодруулбал, тэрбээр хувьдаа барилгын чиглэлийн компанитай байснаас дэд сайд болж чадалгүй буцаагдсан юм. Харин аз таарч Соёлын дэд сайдаар томилогдоод байгаа нэгэн.

Бүр тодруулбал, “Хүүхдийн фонд” ТББ-ын захирал. Шинэ оны өмнөхөн Ерөнхийлөгч дэмжин Засгийн газраас баталж Монголын хүүхдүүдэд зориулагдсан “Хүүхдийн фонд” ТББ-ыг байгуулсан байдаг. Тэрхүү ТББ-ын тэргүүнээр Соёлын сайд М.Батбаяр ажиллах болсон. Харин удахгүй парламентын босго даваад ороод ирж мэдэх нь.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү