Ж.Сүхбааатар: Арбидол эм 6000 байсан бол өнөөдөр 30.000 гарчихаад байна


2021-06-15 14:09:28

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар цар тахлын нөхцөл байдал хүндэрч, иргэд төрөөс эрүүл мэндийн үйлчилгээгээ авч чадахгүй байгааг тодотгов.

Тэрбээр “Өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж байна. Иргэд халдвараар өвчлөх нь эрс нэмэгдлээ. Халдвар авсан иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй гэртээ өвдөөд байж байна. 119, эмнэлэг, шуурхай штаб руу залгаад утсаа авахгүй, холбогдохгүй, хариу өгөхгүй, эсвэл эргэж холбогдоно гэж хэлээд таг болсон гомдол мэдээлэл иргэдээс их ирж байна. Иймээс энэ асуудалд онцгой анхаарч ажилламаар байна. Төр иргэн хоёрын холбоо тасраад эхэллээ. Нөхцөл байдал хэцүү байгаа, ойлгож байна. Өнгөрсөн жил Италид “Бид чадахгүй нь ээ, өөрсдөө учраа олоорой” гээд эмнэлгийнхэн нь уйлаад, залууг нь аврах уу, хөгшнийг нь аврах уу гэсэн сонголт хийж байсан үе тохиолдсон.

Өнөөдөр Монгол Улсад иргэд өвдлөө гэхэд яг хэн рүү утастахаа, тусламж авч чадах эсэхээ мэдэхгүй байна. Одоо бол иргэд яаж витамин, эм олж авах уу л гэж бодож байна. Өнөөдөр витамин, эмний үнэ хэд дахин өссөн байна. Арбидол гэх эм 6000 байсан бол өнөөдөр 30000 гарчихлаа. Энэ асуудалд, өнөөгийн бодит нөхцөл байдлын талаар яагаад ЭМ-ийн сайд ярихгүй байна вэ. Эмнэлгийн ачаалал таазандаа тулчихлаа, одоо болохоо байсан шүү, эмчилж байгаа 5000 гаруй хүнээс 20 хувь нь маш хүнд, 80 хувь нь гайгүй байна. Цаашдаа эмнэлгийн орны зохион байгуулалтаа хэрхэн хийж, шинээр хэдэн мянгөн ор дэлгэх үү зэрэг асуудал бүр дээр тодорхой хариу өгөх хэрэгтэй. Энэ бол иргэн бүхийн эрхтэй холбоотой асуудал.

Өнөөдрийн мөчид энэ хамгийн чухал. Эм тариа, витамин дээр даатгал чинь үйлчлэхгүй юм уу, хариулт өгмөөр байна. Одоо найр наадам яах вэ. Болгоё гэвэл болгож болно. Долдугаар сарын эхээр халдварын тархалт буурна гэж судлаачид таамаглалаа өөрчилсөн байна. Тэгвэл энэ хүртэл чинь 14 хоногийн хугацаанд хэчнээн мянган хүн өвдөх вэ. Өнөөдөр 2000 гараад явж байгаа цаашдаа 3000 руу орвол яах вэ. Хэрвээ 3000 руу орвол ирэх хоёр долоо хоногт халдварын тоо 50-60 мянгаар нэмэгдэх нь байна шүү дээ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү