Аса аварга та хотын дарга ахаасаа ковиттэй хэрхэн тэмцэх талаар ямар ажил хийж байгааг нь асууж өгөөч


2021-06-20 09:06:24

Монгол Улсын хүн амын талаас илүү нь ажиллаж, амьдарч байгаа Нийслэл хот Цар тахлын халдварын голомт боллоо. Хэдийгээр Засгийн газар, УОК, ЭМЯ-аас нийслэлийн иргэдийн 90 гаруй хувийг вакцины халдварын хоёрдугаар тунд хамруулсан хэдий ч Ерөнхийлөгчийн сонгуулийн уулзалт сурталчилгаа, Төрийн одон медалийн тараалт, Номын баярын арга хэмжээ зэрэг хүн олноор төвлөрүүлсэн үйл ажиллагаанаас болж халдвар олон нийтэд тарах нөхцөл бүрдлээ. Үүнээс үүдээд нийслэл хотод халдвар авсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэн, нас баралт буурахгүй байна.

Мөн эмнэлгийн орны хүрэлцээгүйгээс болоод нийслэлийн иргэд гэрээр эмчлүүлэгдэж байгаа тохиолдол цөөнгүй. Нөхцөл байдал ийм хүнд байхад Хотын дарга Д.Сумъяабазар гэдэг хүн санаа зовсон шинжгүй, хотод нь ковид гараагүй хотын дарга шиг ааш аяг гарган, аж ахуйн шинжтэй асуудлууд яриад сульдаа ганхан явна.

Зүй нь бол нийслэлийн иргэдийн эрүүл, аялгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө, тэр тусмаа гамшигт цар тахлын даван туулахын төлөө Хотын дарга хүн Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн салбарынхантайгаа сэтгэл, гар нийлэн ханцуй шамлан, өдөр шөнөгүй ажиллаж байх ёстойсон. Харин манай хотын дарга бүх асуудлаа Засгийн газар, УОК, ЭМЯ-д даатгачихаад өөрөө гэмгүй царайлаад, 7 хоногтоо 1-2 удаа камерийн өмнө гарч, зам барилга гэх мэт зүйл ярьж явах юм.

Нийслэл хот маань цар тахлыг давж, иргэд аюул эрсдэлгүй ажил хөдөлмөрөө эрхэлж, аж ахуйгаа хөтөлж гэмээнэ хотдоо татвараа төлж, хотын ажил урагшлах учиртай. Тиймээс Хотын даргын нэн тэргүүний ажил бол иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах явдал.

Тэгвэл Хотын даргын төрсөн дүү Асашёрюү Д.Дагвадорж Цар тахлын талаарх мэдээ мэдээллийг иргэдэд шууд хүргэхээр төлөвлөж, “АСА СТАНЦ”-аа ажиллуулж эхэлжээ. Ингэхээр “Аса станц” нэн даруй Хотын даргыг шууд нэвтрүүлэгтээ урьж оролцуулан, нийслэлийн 1.5 сая иргэний эрүүл мэндийг яаж сахин хамгаалах, халдвараас хэрхэн урьдчилсан сэргийлэх, халдвартай иргэдэд ямар эмчилгээ хийж буй талаарх байр суурь, хийсэн ажил, хийх ажлын төлөвлөгөөг нь яриулах хэрэгтэй.

Нийслэлийн олон мянган иргэд Хотын даргаасаа “аврал эрж” байгаа энэ цаг үед Аса станц Хотын даргыг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж, цар тахлын үүрэг оролцооны нь талаар асууж, хариулт авч чадвал олон хүний талархлыг хүлээх болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү