У.Хүрэлсүх намын даргын тамгаа "өвлүүлээд" явна


2021-06-23 09:13:21

Энэ сарын 24-нд товлогдсон МАН-ын Их хурал цуцлагдав. Харин энэ сарын 25-нд буюу У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр намын Бага хурлыг товлоод байна. Энэ өдөр Тусгаар тогтнолын ордонд 08.00 цагт МАН-ын Бага хурал болж, намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилохоор болжээ. Улмаар 11.40 цагт У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөнө.

Намын даргын үүрэг гүйцэтгэгч нь Л.Оюун-Эрдэнэ. Намын дүрэмд зааснаар эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд байх зохицуулалттай. Энэ дагуу үүрэг гүйцэтгэгчийг нэрлэсэн талаар Тусгаар тогтнолын ордноос мэдээллээд байна.

Харин намын Их хурлыг энэ сарын сүүлээр буюу энэ сарын 28-нд хийх тов бий. Гэхдээ намар болтол хойшилж магадгүй гэнэ. Цар тахлаас улбаатай Их хурлыг хэрхэн зохион байгуулах асуудал хөндөгджээ. Цахимаар явуулж болох талаар яригдсан ч МАХН-ын төлөөллийг батламжлах, Засгийн газарт суудал гаргаж өгөхөөс эхлээд шийдвэрлэх зүйл мундахгүй.

Тиймээс асуудлыг намар хүртэл хойшлуулах шийдэлд хүрчээ. Ингэснээр Н.Энхбаяртай хийсэн тохироо ч хойш тавигдахаар болсон нь энэ аж.

Намар болох намын Их хурлаар үүрэг гүйцэтгэгчийг жинхлэх үү, эсвэл шинэ намын даргатай болох уу гэх асуудал эцэслэгдэнэ. Одоогоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намаа толгойлох боломжтой хэмээн хариулах хэсэг байгаа ч генсек Д.Амарбаясгалан энэ эрхийг эдлэх учиртай гэж үзэх нөхдүүд ч бий. Үүний зэрэгцээ албан тушаалын бялуу харах нам доторх фракцийнхнийг ч орхигдуулж болохгүй.

Ямартай ч наадмын дараа намар болоход нөхөн сонгуулиас эхлээд улс төрийн уур амьсгал ширүүхэн өрнөх нь.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү