Өрөн дээр өр нэмж З.Мэндсайхан сайд 60 сая ам.долларын зээл авчээ


2021-06-29 13:03:47

-Салбараа дэмжих зээл авсаар байтал салбар нь дампуурч, махны үнэ тэнгэрт хадсаны учир юув-

Өрийг өрөөр дарж шоудсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт үнэн юм гэж бий юү. “Мазаалай” бонд болон “Кредит свисс” банкнаас авсан өр төлбөрийг хүүгийн хамт төлж барагдуулсан, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагад хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн гэх энэ Засгийн газар үнэн чанартаа бонд болон “Кредит свисс” банкнаас авсан зээлийг урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх гэгчээр зээл авч төлсөн байдаг.

Монгол Улсын гадаад өр сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэнийг эдийн засагчид хэлж байна. У.Хүрэлсүх Засгийн эрхэнд байхад буюу одоогоос яг жилийн өмнө гэхэд зөвхөн Засгийн газрын гадаад өр 30.8 тэрбум ам.долларт хүрээд байв.

Засгийн газрын өрийн хуудас нэмэгдэж, цар тахлын хүндрэлээр иргэд амьсгалын аппаратын дутагдалтай байдлаас болж хэдэн арваараа хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа энэ хүнд үед ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Азийн хөгжлийн банкнаас 60 сая ам.долларын зээл авчээ.

Зорилго нь эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэх төслийн зээлийн баталгааны системийг дэмжих юм гэнэ.

Цар тахалд нэрвэгдэн хүн ард нь амьсгалын аппарат гуйж, ядаж шинжилгээгээ үнэ төлбөргүй авахыг хүсч байгаа үед ийм хэмжээний зээл Монгол Улсад хэрэгтэй юү.

Засгийн газартаа дараа болж, салбарынхаа бодлогыг ч зангидаж авч явж чадахгүй байгаа З.Мэндсайхан яагаад ийм зээлийн гэрээнд гарын үсэг зурав?!

Мал аж ахуй, газар тариалан, хөрснийхөө ашиг дэмээр улс орондоо нэмэр болохын оронд өрөн дээр өр нэмж суугаа энэ нөхрийн чансаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг урагш биш уналт руу чирч байгаа юм биш үү.

Хөдөө аж ахуйн салбарт олгох энэ их зээлийн мөнгө хаашаа урссан болоод аж ахуйн нэгжүүд дампуурч, өнөөдрийн “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөнийг өрнүүлж байна вэ.

Хувийн бизнес хийж, морь ярьж явсан нөхөр нэг л өдөр улстөрд хөл тавьж, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга болоод үүнээсээ жил хүрэхгүй хугацааны дараа Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн дарга болчихсон.

Улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга болж дэвшээд, 2020 оны сонгуулийн дараа буюу төрийн албанд орсноосоо ердөө 5-хан жилийн дараа У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдон өдгөө Л.Оюун-Эрдэнийн кабинетад улиран ажиллаж байна.

Дэвхрэг шиг албан тушаалын шатаар дэвхэрсээр дөрөв, тавхан жилийн дотор сайд болсон нөхрийг салбарынхан нь “Морь ярихаас өөрөөр салбарын бодлогоо ярьж мэддэггүй. Өнөөг хүртэл босгосон бүтээсэн гэхээсээ унагаасан ажлыг нь нэрлэвэл үнэнд ойртоно. Түүний бодлогогүй байгаагийн уршгаар өнөөдөр махны үнэ гэхэд хэд болтлоо өсөв… Улаан хөлтнийг урдуураа алхуулдаггүй мэргэшсэн тендэрч, концессчин гэгддэг С.Бямбацогтын тавиул” хэмээн сайддаа ихээхэн ам муутай байх аж.

Санхүүгийн техниккумыг эчнээгээр арай ядан дүүргэсэн нөхөр Сангийн яамнаас ажлын гараагаа гэнэт эхэлсэн нь С.Бямбацогтын нөлөө байсан гэдгийг намын нөхөд нь ч хэлж байгаа юм.

Тэрбайтугай З.Мэндсайханыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар хоромхон хугацаанд ажиллахдаа нутгийн дүүгээ Геологийн төв лабораторийн захирлын суудалд түлхүүрдэж багагүй хэл ам таталж байх хугацаанд ч эрхэм С.Бямбацогт л нааш цааш татлан торгоосон гэдэг.

Намын генсэкийн хүнийг ажлаас нь халж, эрүүгийн хэрэгт холбогдож байсан нутгийн дүүгээ Төрийн албаны зөвлөлийг үл ажран ийнхүү зүтгүүлж, бужигнуулж явсан З.Мэндсайхан нь Ньюсувагт констракшн, Магнатай эрс монголиа, Вүүлховд ХХК-иудаас эзэмшилтэй догь эр…

Үүгээрээ нутаг ус нэгтэй УИХ-ын гишүүн С.Бямбацогттойгоо тун адилхан.

С.Бямбацогтыг анх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж улстөрд хөтөлж, хөл дээрээ босоход нь нэлээдгүй дэм болсон гэдэг. Тэр байтугай Ховдынхон гэдгээрээ төрийн аливаа ажилд давуу эрх эдлүүлдэг байсан гэлцдэг.

Энэ сэжим, хэлхээ холбоо өдгөө З.Мэндсайханаар залгамжилж улмаар Ц.Элбэгдоржийн гар хөл ХХААХҮ-ийн салбарт дүрэгдчихлээ унтууцал ч намын удирдлагуудын түвшинд байгаа. Тиймээс наадам өнгөрөөд намартаа сэлгээ хийх Засгийн газраас хамгийн түрүүнд түүнийг “зайлуулна” гэх урьдчилсан хар зураг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн халаасанд явна.

Харин үүнд С.Бямбацогт машид ууртай, эсэргүүцэлтэй байгаа юм байх.

С.Бямбацогт ХЗДХ-ийн сайд байхдаа төрсөн дүү С.Баянчулууны удирддаг “Алтай трест” компанид “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессыг 81.8 тэрбумаар батлуулан олгуулахад нөлөөлсөн. Энэ үедээ мань З.Мэндсайханыг Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн дарга болгуулж, улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт газрын даргаар томилуулсан гэгддэг.

Тиймээс ч “Алтай трест” ХХК тендэрт ялсныхаа дараа Эрчим хүчний яамтай гэрээ хийгээгүй байхад шууд төслийн гүйцэтгэлээ эхлүүлсэн гэх маргааныг З.Мэндсайхантай холбон тайлбарладаг юм билээ.

Энэ мэт олон зүйлд С.Бямбацогт, З.Мэндсайхан хоёр нь холбогдсоор ирсэн бөгөөд З.Мэндсайханыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар хоёр Засгийн газар улируулан үлдээлгэсэн нь концесс, тендэрт “гаршсан” эрхэм гишүүн энэ салбарыг сонирхож эхэлсний илрэл гэж намынхан нь хардаж байна.

Тиймээс наадмын дараа Засгийн газрыг өргөтгөж, хоёр ч яам нэмэх зохион байгуулалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт “санаархсан” С.Бямбацогт, Ц.Элбэгдорж нарын хүн гэгдсэн З.Мэндсайханыг хамгийн түрүүнд солих тооцоог намын шинэ дарга Л.Оюун-Эрдэнэ хийж байгаа юм байх.

Тэгээд ч тахалд нэрвэгдсэн олон түмнээ үхлийн аюулаас аварч чадахгүй байгаа хүнд үед ямар ч тооцоо судалгаа, төлөвлөлтгүйгээр 60 сая ам.долларын зээлд гарын үсэг зурсан нь огцрох хангалттай шалтгаан гэж үзээд УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдыг шахаж эхэлсэн байна.  

З.Мэндсайханы Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газар, Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ажиллаж байхдаа нэр холбогдсон болон эдгээр цаг хугацаанд нь С.Бямбацогт гишүүний хамаарал бүхий компаниуд ямар тендэрүүдэд ялж байсан талаарх баримтат нийтлэлүүдийг дараагийн дугаараас…

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү