Цар тахлын хүнд үеийг эв нэгдлийн хүчээр давахыг АН-ын бүлэг онцлов


2021-06-29 13:58:45

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, амжилт хүслээ.

Уулзалтын үеэр АН-ын бүлгийн гишүүд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Улс төрийн намуудын тухай хуульд оруулах өөрчлөлтөд онцгой анхаарах, уг хууль нь улс төрийн намуудын төлөвшил, улмаар Монгол Улсын хөгжил, тогтвортой байдалд чухал нөлөөтэй болохыг онцлов.

Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Ерөнхийлөгчийн байр суурийг сонслоо. Мөн эмэгтэйчүүдийн эрх, улс төрийн оролцоо, хөрш орнуудтай харилцах харилцаа, ковидын нөхцөл байдал, цар тахалтай тэмцэж буй эмч нарын цалин хангамж, үндэстний цөөнхийн талаар төрөөс баримтлах бодлого зэрэг асуудлаар УИХ дахь Ардчилсан намын гишүүд санал бодлоо илэрхийлж цаашид Төрийн тэргүүнийг эдгээр асуудалд онцгой анхааран хамтран ажиллахыг хүслээ.

Бүлгийн дарга Д.Ганбат, Ардчилсан нам 30 жилийн турш ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, шударга ёс, тэгш эрхийг бэхжүүлэх, хамгаалахын төлөө ажиллаж ирсэн. Цаашид ч үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэх тул Монгол Улсын Ерөнхийлөгчийг энэхүү үнэт зүйлийн төлөө дэмжин хамтран ажиллахыг хүслээ. Түүнчлэн хэзээ хэзээнээс хүнд цар тахлын энэ цаг үеийг эв нэгдэлтэй байж давж гарна гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардчилсан намын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлж, улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, эв нэгдлийн төлөө улс төрийн намууд, түүний дотор Монгол ардын нам болон Ардчилсан намууд эв нэгдэлтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлон дурдлаа. Мөн “Миний бие Төрийн тэргүүний хувьд эв нэгдлийг эрхэмлэн ажиллана. Цаашлаад парламент, хуулийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө УИХ дахь хоёр намын Бүлэгтэй хуулийн хүрээнд хамтран ажиллана” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү