Ц.Ганзориг: Долдугаар сарын 4-нд амралтын газар, фитнесс, саун зэрэг үйл ажиллагааг хязгаарласан хугацаа дуусна


2021-07-02 10:23:22

Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд мөрдөх Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-н хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор хөл хорио тогтоож, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох нь хэмээн цахим орчинд сандралдаж эхэлсэн.

Энэ талаар  УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-н хүртэл сунгасныг хатуу хөл хорио тогтоож, аж ахуйн нэгжүүдийг хаасан хэвээр байна гэх буруу ойлголт үүсжээ. Өнгөрсөн 2020 оны өдийд бид хэвийн амьдралаар амьдарч байхад ч Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэрэгжиж байсан.

Манайд бизнес, нийгмийн нийт 89 төрлийн үйл ажиллагаа бий. Үүнээс 10 орчим төрлийн үйл ажиллагааг хязгаарласан. Засгийн газрын зүгээс аль болох хатуу хөл хорио тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, эдийн засгаа нээлттэй байлгах бодлого баримталж байгаа.

Өнөөдрийн байдлаар 79 төрлийн үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллаж байгаа. Харин үлдсэн 10-аад төрлийн үйл ажиллагааг УОК-ын 41 дүгээр журмаар хэрхэн шат дараатай нээхийг шийднэ.Өөрөөр хэлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хаалттай байгаа 10 төрлийн үйл ажиллагааг наймдугаар сарын 31-н хүртэл хорьж, хязгаарлана гэсэн үг биш.

Долдугаар сарын 4-нд амралтын газар, фитнесс, саун зэрэг үйл ажиллагааг хязгаарласан хугацаа дуусна. Тиймээс долдугаар сарын 4-нөөс хаалттай байгаа салбаруудаас нээх эсэх асуудлыг шийднэ. ЭМЯ-наас амралтын газруудыг нээх санал оруулж ирсэн. Үүнийг НОК болон орон нутгийн Засаг дарга зэрэг шат шатны хүмүүсээс саналыг аваад тухайн үед шийдэх юм” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү