Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд дэх нөхцөл байдал 30 хоногт сайжрахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцно


2021-07-03 15:14:12

Хилийн хяналтын байгууллагуудыг зангидаж ажиллах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчийг томилов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд  суманд ажиллаж хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна. Боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны дугаарлажээ.

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар “Өдөрт хилээр 100 машин гарч байна. Энэ нь жирийн үеийнхээс гурав дахин буурсан үзүүлэлт. Хоёр талдаа бөөгнөрөл үүссэн. Өнгөрсөн долоо хоногт би Замын-Үүдэд ажиллаад урдаас ирсэн машины ачааг Эрээн дээр Монгол воганд шилжүүлсэн. Өдөрт 20 гаруй воган ачиж байна. Манай талд ачаагүй машины бөөгнөрөл үүссэн нь Хятадын талын хязгаарлалттай холбоотой. Өдөрт 100 машин гарах квоттой гэсэн үг. Үндсэндээ нүүрснээс бусад экспорт хязгаарлагдаад байгаа учраас 90 орчим хувь нь ачаагүй байна. Энэ бөөгнөрлийг арилгахын тулд Хятадын талтай ярилцаад өдөрт 150-200 хоосон машин урагшаа гаргаад ачаа татна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” тайлбарлалаа.

Хятадын тал халдвар хамгаалал, ариутгал хангалтгүй байна гэсэн үндэслэлээр хязгаарлалт тавьж байгааг албаны хүмүүс хэлэв. Мөн хилийн байгууллагууд уялдаагүй ажиллаж байгаа гэсэн шүүмжлэл ч гарлаа. Халдвар хамгаалал, ариутгалын ажлыг сайжруулах, мөн хилийн хяналтын таван байгууллагыг зангидах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч томилох, хилийн байцаагч нарыг сэлгэж ажиллуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг бүрэн эрхт төлөөлөгчөөр, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч, дэслэгч генерал Ц.Жавхланбаатарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж ажил сайжруулах үүрэг өглөө.

Мөн Замын- Үүдийн чөлөөт бүсийн ажил дулааны станцын үйл ажиллагааны зардал байхгүй, ажилчдын цалин хөлс төсөвт суугаагүйгээс жигдрэхгүй байгаа ажээ. Боомтын шинэчлэл, чөлөөт бүстэй холбоотой асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнд Ерөнхий сайд даалгалаа.

Ерөнхий сайд дараа нь Замын-Үүд хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав. Боомтын өргөтгөл шинэчлэл, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа ч “КОВИД-19” цар тахлын улмаас төлөвлөгөөт хугацаанаасаа таван сар хоцорч яваа юм байна. 2020 онд эхэлсэн өргөтгөлийн ажил 2022 оны арваннэгдүгээр сард дуусах төлөвлөгөөтэй ажээ.

Зохицуулалт сул байгаагаас олон хоног дугаарлаж байна гэж жолооч нар хэлж байлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зам-Үүд боомтод ажиллах үеэрээ аймаг, орон нутгийн удирдлагууд болон яам агентлагийн дарга нартай хамтарсан уулзалт хийж, боомттой холбоотой тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэж болох асуудлуудын талаар ярилцлаа.

·      Эрээний боомт дээр гацаад буй Монголын бизнес эрхлэгчдийн захиалгатай барилга, барилгын материал, хүнс, гэр ахуй болон өргөн хэрэглээ бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж,  сэлбэг, багаж хэрэгсэл, бодис, төрөл бүрийн түүвэр ачаа, шуудан, сайжруулсан түлшний бэхжүүлэгч зэрэг хүлээгдэж байгаа барааг татан авах чиглэлд анхаарах,

·      Замын-Үүдэд бөөгнөрсөн тээврийн хэрэгслийг дарааллыг багасгах,

·      Улаан бүсээс ирэх халдварын эрсдэлтэй иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах

·      Замын-Үүд өртөөнд Эрээнээс орж ирсэн ачааг автомашинаас вагонд ачиж төмөр замаар тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх

·      ]Экспорт, импортын ачааны татан авалттай уялдуулж  Улаанбаатар болон 21 аймгаас ирэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг яаралтай зохицуулахаар ярилцаж, зарим асуудлуудыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэр гаргахаар боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзлаа. Тэд тээвэрлэлт хийх зохицуулалт байхгүй, олон хоног дараалалд зогсох, дамжлага их байгаагаас орлогогүй болж байна гэлээ. Жолооч нарын эрүүл мэндэд анхаарахыг тэд хүслээ.

Ерөнхий сайд тэдний саналыг сонсож, төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж, тээвэрчдийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхийн төлөө ажиллана. Засгийн газрын хуралдаанаар Замын-Үүд боомтод үүсээд буй асуудлууд болон та бүхний тавьсан саналыг хэлэлцэн тодорхой шийдлүүд гарна гэдгийг жолооч нарт хэллээ. Мөн боомтын ажлын хэсгийг шинээр байгуулж, 30 хоногийн хугацаанд боомт дахь нөхцөл байдал сайжрахгүй, ажил эрчимжихгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцож, солих хүртэл арга хэмжээ авна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү