Д.Ганбат: Иргэд ядуурал, амьдралын боломжгүйгээс эд, эс, эрхтэний наймаанд өртвөл яах вэ


2022-06-16 18:06:28

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 06 минутад эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэв.     Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүнээс 2022.05.06-ны өдөр өргөн мэдүүлсэн  Донорын  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

    Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хуулийн төслийн талаарх холбогдох Байнгын хорооны танилцуулгыг хийсэн тул хуралдаан гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж, гишүүн Д.Ганбат хуулийн төсөлд  иргэд ядуурал, амьдралын боломжгүйгээс эд, эс, эрхтэний наймаанд өртөхөөс хамгаалах зохицуулалтыг хэрхэн тусгасныг тодруулсан.

Төсөл санаачлагч гишүүн Ж.Чинбүрэн хариултдаа, өмнө нь хамтын төлбөр гээд 20-30 сая төгрөг төлж эд, эс, эрхтэнийг шилжүүлэн суулгадаг байсан бол өнөөдөр холбогдох хуульд өөрчлөлт оруулснаар иргэд эд эс, эрхтэн шилжүүлэн суулгуулахдаа нэг ч төгрөг зарцуулахгүй болсныг тодотгов. Мөн  тэрбээр, Энэ хуулийн үндсэн үзэл санаа нь Монгол Улсад хэн нэгэн мөнгөгүйгээсээ болоод бусдад эд, эс, эрхтэнээ зарахгүй байхад чиглэсэн. Түүнчлэн энэ хуулийн төсөлд донорын насыг 21 болгосноор 22-25 насныхан гэр бүлийнхээ хэн нэгний амь насыг аврахын тулд санхүү, мөнгөө үрэн гадаад улсыг зорин донор болохгүйгээр, монголдоо эмчлүүлэх гол өөрчлөлтийг оруулсан гэж  хариулж байлаа.

Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явууллаа. Тухайлбал, гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Туваан, Н.Учрал нараас амьд донорыг өөрийнх нь зөвшөөрлөөр олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлд үндэслэн зохион байгуулахаар,  гишүүн С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, С,Одонтуяа, Б.Бейсен нараас эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар мэргэжил, ёс зүйн хороо ажиллах, тус хорооны дүрмийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. 

Иймд Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

  

Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв

Дараа нь Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Эдийн засгийн байнгын хороо 2022.06.15-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг гишүүн Х.Ганхуяг хийлээ. Тэрбээр танилцуулгадаа, чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн зарим хэсэг, заалтын “газар, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмч”-ийн тухай зохицуулалтын талаар гишүүдийн зүгээс хэлсэн саналын дагуу Байнгын хороо эрх зүйн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн эрх зүйн дүгнэлтэд нийцүүлэн “төрийн нийтийн өмч” гэж, мөн хэлэлцүүлгийн шатанд байгаа бусад хууль тогтоомжийн төслүүдийн хоорондын уялдааг хангах зорилгоор зарчмын зөрүүтэй саналууд бэлтгэснийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг үндэслэн санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн болно.  Чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар санал хураалт явуулахгүйгээр нээлттэй үлдээж, Байнгын хороонд шилжүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Ажлын хэсэг дахин боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүллээ. Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн 81 хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг үндэслэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Х.Ганхуяг гишүүн танилцуулгадаа дурдлаа.  

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 36 саналын томьёоллоор санал хураалтыг явуулсны дараа  Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Үргэлжлүүлэн Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. 

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын 2022.05.27-ны өдөр, 06.02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэн шийдвэрлэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийг 2019 онд УИХ-д өргөн мэдүүлснээс хойших хугацаанд батлагдсан болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоомжийн төслийн зохицуулалттай Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг уялдуулах, хууль хоорондын зөрчлийг арилгах, нийцлийг хангах зорилгоор одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэн 30 хуулийн төсөл Ажлын хэсгийн зүгээс бэлтгэснийг Байнгын хорооны 2022.06.15-ны өдрийн хуралдаанаар хуулийн төсөл тус бүрээр хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул гишүүн Ц.Цэрэнпцунцаг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг гишүүн Х.Ганхуяг танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөлтэй холбоотойгоор боловсруулсан Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Валютын зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Музейн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Оюуны өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Таримал ургамлын үр, сортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Усан замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь дэмжлээ. 

Иймд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү