Д.Тогтохсүрэн: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахгүй, оны эхнээс төлнө


2022-11-21 13:51:07

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдрийн бүлгийн хурлаар экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.

Уул уурхайн бүтээгдэхүүний мэдээлэл, гэрээг ил тод болгох, худалдаалж буй үнэ өртгийг нэмэгдүүлэх зорилгоор ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж гаргана гэж бүлэг тогтлоо. Энэ хуулийг ондоо багтаан батална. 

Сүүлийн үед нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг ярьж байна. УИХ-аас хянан шалгах түр хороо ажиллаж байгаа. Эдгээрийн дүн нэгтгэгдэж дуусаагүй байна. Нүүрсний хулгайн хэрэг байдаг бол илрүүлэх, хариуцлага тооцох чиглэлээр Засгийн газар, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж дорвитой үр дүнд хүрэх шаардлагатай гэж үзсэн. 

Төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй" гэв.

Мөн тэрбээр "Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлөөд явах саналыг Засгийн газраас оруулж ирсэн. Харин УИХ-ын ажлын хэсэг сунгах тухай асуудлыг олон удаа ярьсан.

Эргэн төлөлтийг хойшлуулах нь дараагийн зээлд сөргөөр нөлөөлж буй учраас Засгийн газрын саналаар явуулъя гэж ажлын хэсэг тогтсон. Улмаар УИХ-д энэ саналыг оруулж ирээд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа ипотекийн зээлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлнө гэж шийдвэрлэсэн" гэлээ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Намайг ажил авч байхад Монгол Улсын валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар байсан. Албан болон албан бус ханшийн зөрүү 200-300 төгрөг байсан юм. Өнөөдөр валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болсон. Хамгийн гол нь тогтолцоог нь ил тод болгох талаар ярьж байгаа.

Зарагдаж байгаа нүүрснийхээ үнийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 2023 оны эхний улиралд багтаан биржээр бүтээгдэхүүнээ зарах шийдвэр гарсан. Энэ хүртэл Засгийн газар түр журам гаргаад биржээр зарах ажлыг зохион байгуулж болно.

Энэ оны эхний есөн сарын байдлаар хилээр гарч буй нүүрсийг үзэхээр зарж байгаа компани цөөхөн байна. 130 аж ахуйн нэгж монголын нүүрсийг хилийн цаана худалдаж авч байгаа. Тэгэхээр худалдан авагч байна. Худалдах үйл ажиллагаагаа ил тод болгомоор байгаа юм.

Экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор своп хэлцэл яригдаж байна. Монголбанктай Хятадын ардын банкны хийсэн своп гэрээг сунгах, ОХУ-тай мөн своп хэлцэл хийх боломжийн талаар яригдаж байгаа. Бараа бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай. Бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг эрчимтэй судалж, холбогдох арга хэмжээг авна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү