Нефтийн салбараас үндэсний компаниудаа зайлуулах гээгүй байгаа!!!


2022-11-29 08:29:44

Дараагийн Ерөнхий сайд гэгдэх Д.Сумъяабазар хөрөнгө мөнгөтэй хэн нэгний гарын дохиогоор хөдөлдөг улстөрч болохгүйн тулд санхүүгийн сууриа баттай бэлтгэхээр завгүй “хөдөлмөрлөж” байх шиг байна. Банк санхүүгээс гадна бүхнийг хөдөлгөгч хүч болох эрчим хүч, нэмээд хар алтны зах зээл түүний тоглох гол талбар. Хэн бүхнийг атгана, тэр тэргүүнд заларна гэдэг.

Мөнгөний өмнө хэнбугай ч хүч дутдагийг тэрбээр тодорхой харуулж, хотын дарга болсныхоо дараахан Улсын онцгой комиссийн шийдвэрийг эсэргүүцэн сөрж тоглодог, Ерөнхий сайдыг үл ойшоон хэдэрлэн, ялархдаг том толгой байв шүү дээ.

Бэлтгээд өгсөн үг өгүүлбэрийг зөв дуудаж чаддаггүй, хаалт нээгээд, хаалт хаагаад хэмээн тэмдэгттэй юутай нь уншчихдаг энэ нөхрийн дараалсан тэнэг шийдвэрүүдийн өмнө Засгийн газар, намын дарга нь хараагүй, сонсоогүй дүр эсгэн халирч явна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас ч том гэдгээ харуулж тэдний хэнд нь ч байхгүй төсөв, орон тоотой PR агентлагийг байгуулаад, түүнийгээ Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар гэж нэрийдчихсэн тууж байгаа. Хамгийн аймшигтэй нь хотын дарга болсон жилээсээ эхлээд жил бүр түгжрэл бууруулах ажилд зарцуулна хэмээгээд 420 тэрбум төгрөгийг батлуулаад сууж байна. Урьд хожид байгаагүй, цаашдаа ч байхааргүй энэ дүн түгжрэл бууруулах байтугай хотоор нь 0 зогсоочихоод байхад эсэргүүцэн хориглох нэг ч нөхөр гарахгүй байна гэдэг нь өөрөө Д.Сумъяабазарын хэн болж хувирсныг хэлээд өгөх биз. Эцэстээ хамгийн их түгжирдэг гэх даваа гаригт бүх шатны сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлнэ үү хэмээн санал оруулсан нэртэй батлуулчихаж байна. Үүнээс илүүгээр ТОМ байгаагаа хэрхэн харуулж, сануулах билээ. Тэр ТОМ болж.  

Улсын мөнгөөр угжуулдаг гэчихэд хэтийдсэн тодорхойлолттой болчихгүй Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг Д.Сумъяабазар, Б.Баярсайхан нар байгуулсан гэдгийг өмнө нийтлэлд өгүүлсэн. Тус банкны 57 хувийг Д.Дагвадорж, 21.7 хувийг Д.Сумъяабазар эхнэр Ч.Мичидмаагийн хамт эзэмшдэг.

Гүйцэтгэх захирлаар нь Ж.Цэдэнрагчаа гэгч ажилладаг. Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байсан Ж.Цэдэнрагчаагийн нэр дээр Нэйшнлфанд менежмэнт, Юу Би Эс Икс, Байгаль, Зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг, Монголиан констракшн девелопмент групп, Сонгинохайрхан хөгжлийн санаачилга зэрэг байгууллагууд бүртгэлтэй бөгөөд эдгээрийг мөн Д.Сумъяабазартай нэр холбодог.

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдааны үеэр Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Эрдэнэт үйлдвэрийн 45 тэрбум, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 27 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг тус бүр байршуулсан боловч эргүүлэн авч чадахгүй байна хэмээн Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байв.

Үүнийг үнэн гэдгийг “2022 он гарахаас урьтаад өрөө барагдуулчих нь шт” гэж хариу орилсон хотын даргын орилолт баталж байлаа. Үүнээс төдий удаалгүй Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хөрөнгө сандаа төвлөрсөн гэж тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахим хуудсандаа нийтэлж байсан.

Тэр их өрийг дарах мөнгө хэрхэн цугларсан талаарх мэдээлэл хомс ч Ч.Хүрэлбаатарыг өр нэхэн зандарч байх зуурт Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 15 сая ам.доллар, дараа нь 2 сая ам.доллар, нийт 17 сая ам.доллар буюу 45 орчим тэрбум төгрөгтэй дүйцэхүйц хадгаламж гэнэт бий болсон гэдэг. Хадгаламжийн эзэн нь Аргал ойл ХХК буюу олон нийтэд хуурамч шатахууны “мангас” гэх нэрээр танил болсон Трафигура олон улсын байгууллагын Газрын тосны худалдаа хариуцсан менежер Э.Жононбаярын ээжийнх нь компани байсан гэдгийг анзааралгүй орхиж болохгүй.

Өөрөөр хэлбэл, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой ХК, Эрүүл мэндийн даатгалын сан зэрэг газрууд мөнгөө нэхэх үед Трафигура-гийн Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэнгийн үүсгэн байгуулалцсан Аргал Ойл ХХК-иас 45 тэрбум орчим төгрөгийн хадгаламж нээлгэсэн нь тохиолдлын гэхэд хэтэрхий үнэмшилгүй юм.

Тэгснээ мөн л энэ үеэр Үндэсний хөрөнгө оруулалтын банк зарим салбараа татан буулгаж, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өгч чадахгүйд хүрч байна гэж байсан нь төрийн мөнгөөр “цус сэлбэж” байсан банкны тухайд хачирхалтай л үзэгдэл.

Д.Сумъяабазар уг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Трафигураг эсэргүүцэгчдийн нэг байсан бөгөөд ямартаа л дэд сайдаараа ажиллаж байсан Д.Загджавыг огцруулна гэж хашгичиж байхав.

Сайдын эрх мэдлийнхээ хүрээнд хуурамч шатахууныг шалгах ажлын хэсэг байгуулан Трафигура болон түүний дор керосин, нафта импортлогч “Транс гайд”, “Хармөрөн импекс”, “Ай Си Ай Си”, “Петролиум продакшн” зэрэг компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох санал оруулж байсан л хүн. Дэд сайдаар ажиллаж байсан Д.Загджав нь Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэнтэй гэр бүлийн найзууд. Д.Эрдэнэсүрэн нь ГЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга бол зүү орох зайгүй нөхөрлөдөг найз Н.Уранчимэг нь Улаанбаатар хотын Гаалийн орлогч дарга, гаалийн байцаагч бөгөөд Д.Загджавын эхнэр юм.

Хэсэг бужигнааны дараа Д.Загджав суудлаа өгч, өнөөх аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөлтэйгөө үлдсэн. Д.Сумъяабазар ч энэ талаар нэхэн хэлэлцэхээ больсон нь эрх ашиг, халаас нь нэгдэснийх гэж хардаж болохоор байгаа юм.

Учир нь эл явдлаас төдий удалгүй Меланж гэх компани Дорнод аймгийн Баянтүмэн суман дахь улсын хилийн зурваст ашиглалтын лиценз эзэмшиж эхэлсэн байдаг. Энэхүү Меланж компанийн хамтран эзэмшилд Скай Меридиан гэх хуулийн этгээд бүртгэлтэй байх бөгөөд гүйцэтгэх захирал нь мөнөөх Трафигура-гийн Газрын тосны худалдаа хариуцсан менежер Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэн ажилладаг байх аж. Ээжийнх нь нэр дээр Аргал ойл, Петро хаан, Хөрс Ойл зэрэг 10 гаруй компанийн хувьцаа бий.

Харин хилийн зурваст ашиглалтын лиценз авч чадсан Меланж компанийн гүйцэтгэх захирлаар Д.Цэндсүрэн гэх бүртгэл бий агаад түүний нэрээр “Монголиа авиашн фүел” ХХК мөн бүртгэлтэй байгаа юм. Эндээс “Монголиа авиашн фүел” ХХК бүх төрлийн онгоцны түлшний бөөний худалдаа, агаарын хөлгийн шатах тослох материал ханган нийлүүлэх, бүх төрлийн шатахууны импортын үйл ажиллагаа эрхэлдэг нь анхаарал татав.

“Монголиа авиашин фүел” ХХК-ийг Дамбын Хишигжаргал (Хишгээ) хамтран байгуулалцсан төдийгүй гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан байдаг. Энэ үедээ  Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Газрын тусгай үйлчилгээ шатахуун хангалтын албатай “Агаарын хөлгийн шатахуун худалдах, худалдан авах гэрээ” байгуулан шатахуун нийлүүлж байж.

Тэгэхээр бид Дамбын Хишигжаргалын Моодунхаан группийн удирдлагад хотын дарга Д.Сумъяабазарын дүү Д.Сэржбүдээ бүртгэлтэй байдаг гэх мэдээллийг онцгойлон татаж сонирхохоос аргагүй болж байна. (Энэ талаарх тодруулга мэдээллийг дараагийн дугаарт үргэлжлүүлэн хүргэнэ)

Өмнөх нийтлэлд Хотын дарга Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын Асашёорюү төрийн бус байгууллага болоод Үндэсний хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Б.Баярсайхан нь Говь, Хөх ган, АПУ-гийн хувь эзэмшигч гэдгийг дурьдсан.

Хөх ган ХХК нь УИХ-ын гишүүн, “Тэс петролиум”-ын эзэн Б.Баттөмөрийнх бөгөөд Б.Баттөмөр УИХ дахь Увс бүлэглэл, тэр дундаа Ц.Нямдоржийн дэмжлэгээр өнөөг хүртэл яваа нөхөр.

Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болох бүрт Б.Баттөмөр Гаалийн, эсвэл Татварын ерөнхий газрын даргаар томилогдож байв.

Түүний Хөх ган гэх компанийн уяаны үзүүрт Бэрэнгрупп байдаг гэвэл уншигчдад сонин байх болов уу. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ ч хөтлөгдсөөр Хөх ган компанийн хэлхээ холбоост орж ирнэ.

Д.Бат-Эрдэнэ “Ажнай корпораци”-ийг 100 хувь эзэмшдэг бөгөөд “Ажнай корпораци” нь “Тавантолгой транс” компанийн 70 хувийг халаасладаг. Харин энэ “Тавантолгой транс” нь “Бэрэн групп”-ийн охин компани болох “Бэрэн металл” компанийн 49 хувийг эзэмшигч гээд заваарсан сүлжээ гарч ирж байгаа юм.

Үүн дээр тун сонирхолтой өөр нэг нөхөр мөн л Хөх ган гээч компанид орж ирэх агаад тэр нь Хөгжлийн банкны найдваргүй хэд хэдэн зээлдэгч аж ахуйн нэгжийн хувьцааг эзэмшигч Ш.Батжаргал гэж нөхөр юм.

Энэ залуу “Монгол базальт”, “Алтандуулга”, “Бумбат Алтай”, “Начин зам”, “Аравт фанд менежмент”, “Гэрэгэ экспесс финанс”, “Баялаг органик фүүдс”, “Кювесттранс”, “Оолвестерн”, “Талын цуурай”, “Хүннү инвест”, “Хүннү фанд”, “Хүннү менежмент”, “Е Моние”, “Анд энерги”, “Говь”, “Лэнд ББСБ”, “Монос хүнс”, “Түмэн шувуут”, “Монгол шуудан”, “Ремикон”, “Адуунчулуун”, “Айтүүлс”, “Ард даатгал”, “Мандал даатгал”, “Оллоо”, “Улсын их дэлгүүр”, “Хөх ган” компанийн хувьцааг эзэмшдэг.

Эдгээрээс “Е Моние” ХХК нь Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, Тамгын газрын захирал Я.Сод-Эрдэнийн эхнэр Р.Сарантуяагийн эзэмшил гэдгийг бүгд мэдэх билээ.

Тэгэхээр өнгөрөгч 21-ний даваа гаригт Трафигура олон улсын байгууллагын удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан уулзалтыг санамсаргүй гэж үзвэл дэндүү гэнэн явдал байж мэднэ.

Учир нь уулзалтын маргааш буюу энэ сарын 22-нд Улсын онцгой комиссийн өргөтгөсөн хуралдаан гэнэт зарлагдаж дизель түлшний нөөц хомсдон нүүрсний уурхайдын үйл ажиллагаа тасалдсан мэдээллийг цочир түгээв. Ингэхдээ дизель түлшний хангамжийг хэвийн байдалд оруулахгүй бол гэрэл, дулаанаар тасалдан хөлдөж үхэх эрсдэлтэйг ч иргэдэд сануулан “айдас”-т автуулаад авсан. Улмаар сэдвийг улам өндөр сэвэхийн тулд 23-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийсэн гээд нэг л сэжигтэй, хиймэл харагдаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Монголоос зөвхөн зэсийн баяжмал л авдаг гэх хөшигний ард Салхитын мөнгөний ордоос ч мөнгөний баяжмал авдаг болчихоод байгаа Трафигура болон хотын мээр Д.Сумъяабазар, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын учиг холбоос түлшний тасалдал, нефтийн салбартай таагүй байдлаар холбоотой байхвий гэх хардлагыг эрхгүй төрүүлээд байна.

Сүүлийн үест үндэсний хөрөнгөтнүүдээ нухчин дарж, бүтээн байгуулалтуудыг нь ичиж эрээлхэлгүй булааж буй МОНГОЛ ТӨР энэ удаад нефтийн салбараас үндэсний компаниудаа арчин хаях гэж байгаа юм биш байгаа…

Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг санаачлах үедээ гуйгаагүй санхүүжилт, техникийн туслалцааг дизель түлш тасалдан хотоороо хөлдөж болзошгүй болсон энэ цаг үед гэнэт санаж сэтгэн Трафигура гэх олон улсын байгууллагатай уулзана гэдэг сонирхолтой л хэрэг…

Тэр тусмаа Трафигура-тай нэр холбогддог компаниуд нь Хөгжлийн банкнаас анхнаасаа залилан, луйврын шинжтэйгээр зээл авсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа гэх дуулиан шуугиан дундуур Трафигура-гаас нь Монгол Улсын Ерөнхийлөгч мод тарихад туслаач хэмээн мөнгө гуйсан байна гэдэг ичгэвтэр төдийгүй үл итгэм явдал юм.

Үргэлжлэл бий…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү