“Изинис Эйрвэйз” ХХК Хөгжлийн банкнаас зээл авахад Б.Хурц ТЕГ-ын дарга, Л.Элдэв-Очир УИХ-ын гишүүнээр ажиллаж байжээ 


2023-01-20 13:09:06

Хөгжлийн Банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд “Изинис Эйрвэйз” ХХК-тай холбогдох зээлийн асуудлаар гэрчүүдийг асуув.

Изинис Эйр Вэйз” компани Бойнг онгоц түрээсэлж олон улсын нислэг хийнэ хэмээн Хөгжлийн банкнаас 22.9 тэрбумын зээл авчээ. Үүнээс 7.5 тэрбум төгрөгийг бусад банк дах зээлийг төлөхөд зарцуулсныг шинжээчийн дүгнэлтэд онцолжээ. Мөн 1.7 тэрбум төгрөгийн зарцуулалт тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан.

 “Изинис Эйрвэйз” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч Э.Золзаяа “Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байна.  Хөгжлийн банкнаас бид зээл авахад зээлийн зарцуулалт нь өөрөө манай  эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх буюу онгоц, сэлбэг санхүүжүүлэх гэх мэт олон төрлийн зарцуулалтын зориулалтай зээл байгаа. Бид бүх зарцуулалтаа тухай бүрд нь банканд хандахад Хөгжлийн Банк өөрөө тэр гүйлгээг хийдэг байсан.

Хөгжлийн банкнаас зээл авахаар хандсан байх үедээ “Изинис Эйрвэйз” ХХК Богд банкинд зээлтэй байгаа бөгөөд зээлийг хаалгах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байсан. Үүнийг Хөгжлийн банк зөвшөөрсөн. Энэ гүйлгээг Хөгжлийн банк өөрөө хийсэн. Тэгээд Богд банкинд байсан манай барьцаа хөрөнгийг шилжүүлж авсан байдаг.

Харин Чингис Хаан банк нь "Изинис Эйрвейз" ХХК-д зээл өгөх боломжгүй гэсэн. Тэгээд Сарнайх ХХК-аар дамжуулж, 2.1 тэрбум төгрөгийн зээл авч, “Изинис Эйрвэйз” ХХК-д ашигласан. Үүнийгээ нотолсон” гэв.

Хөгжлийн банкнаас тус компанийг зээл авах үед Э.Золзаяагийх аав нь УИХ-ын гишүүн, хадам аав нь Б.Хурц нь Тагнуулын дарга байжээ. Хөгжлийн банкнаас зээл авч бусад арилжааны банк дахь зээлээ төлж, хувьцаа эзэмшигч Т.Эрдэнэ нь 1,7 тэрбумыг бэлнээр авч зарцуулжээ. Төрсөн ахдаа 100 саяыг шилжүүлсэн нь шинжээчийн дүгнэлтэд бий.

Түр хорооны дарга Б.Энхбаяр: “Изинис Эйрвэйз” ХХК-ийн 70 хувийг эзэмшигч Т.Эрдэнэ Сарнайх ХХК-ийн 34 хувийг эзэмшиж байна. Сарнайх компанийн 66 хувийг эзэмшдэг Ү.Сарнайг та таних уу, ямар хамааралтай вэ?

Гэрч Э.Золзаяа: Мэднэ. Манай нөхрийн ээж.

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Ү.Сарнай нь өмнө нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцын гэр бүлийн хүн. Б.Хурц нь таны хадам аав гэж ойлгож болох уу?

Гэрч Э.Золзаяа: Тийм ээ.

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Б.Хурц нь “Изинис Эйрвэйз” ХХК-ийн 70 хувийг эзэмшигч Т.Эрдэнэтэй ямар хамааралтай вэ?

Гэрч Э.Золзаяа: Т.Эрдэнэ нь Б.Хурцын хамаатны дүү.

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Таны эзэмшлийн "Экомогул" компанийн 30 хувийг Л.Элдэв-Очир эзэмшиж байна. Л.Элдэв-Очир нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан уу. Таны аав мөн үү?

Гэрч Э.Золзаяа: Мөн.

Түр хорооны дарга Б.Энхбаяр:  Экомогул компанийн бусад хувьцаа эзэмшигчид нь таны хамаарал бүхий хүмүүс мөн үү?

Гэрч Э.Золзаяа: Мөн. Миний төрсөн эгч дүүс.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү