Э.Уянга: "Асем вилла"-д Ц.Элбэгдорж өөрийн биеэр амьдардаггүй


2023-03-13 12:21:11

Хөгжлийн банкны гурав дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэрчээр дуудагдсан ч ирээгүй. Мөн “Асем Вилла” төсөлтэй холбогдуулан MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалыг сонсголд гэрчээр дуудсан ч гадаадад албан ажлаар явна гэх шалтгаанаар ирсэнгүй.

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "MCS компани "Асем виллаа" барихаар Хөгжлийн банкнаас 125 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авснаас 92 тэрбумаар нь охин компанийнхаа арилжааны банкны зээлээ хаах болон "Энержи Ресурс" компанийнхаа гадаад бондын өрийг төлсөн байна" гэлээ.

 

MCS группийг төлөөлөн хуулийн албаны дарга Э.Уянга сонсголд оролцов. Тэрбээр "АСЕМ Вилла" хотхоны төслийг хэрэгжүүлэх саналыг Үндэсний зөвлөлөөс болон тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос MCS группийн удирдлагуудад ирүүлсэн. Үүний үндсэн дээр 2015.03.04-ны өдөр барилгын ажил нь эхэлсэн. 53 вилла болон клабхаусын ажил зэрэг эхлээд есөн сарын хугацаанд дууссан юм. Энэхүү төслийн санхүүжилт тухайн оны есдүгээр сард олгогдох байсан учир шаардлагатай хөрөнгийг группээсээ гаргасан.

125 тэрбум төгрөгийн зээл авсан ч хүүнд нь нийт 45 тэрбум төгрөгийг төлсөн. Сарын хүүгийн төлөлт нь нэг тэрбум орчим төгрөг байсан. Тиймээс тухайн хауснуудыг худалдан борлуулах ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ 21 хаусыг гадагшаа худалдан борлуулсан юм. Үлдсэн 32 хаусыг худалдаж чадахгүй байсан. Зээлийн эргэн төлөлтөө хийхийн тулд 32 хаусыг Скай Резорт ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хүчээр авсан" гэв. 

Энэхүү хотхонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж амьдардаг уу гэсэн Б.Энхбаяр гишүүний асуултад тэрбээр "Өмнө нь ч амьдарч байгаагүй. Одоо ч амьдраагүй. Миний харсан гэрээн дунд нэр нь байхгүй. Худалдан авсан гэрээний хүрээнд л бид мэднэ. Цааш нь хэнийх вэ гэдгийг мэдэх боломжгүй. Ямар ч байсан Ц.Элбэгдорж өөрийн биеэр амьдардаггүй" гэсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү