Д.Тогтохсүрэн: 38 нь намын нэрийн жагсаалтаар, 38 нь тойргоос сонгогдох хувилбарыг өргөн барина

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023-03-27/ хуралдаж, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.
Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө дараах таван саналыг дэвшүүлж байгаа юм. Үүнд:
УИХ-ын сонгуулийг холимог тогтоолцоогоор явуулах нь зүйтэй гэдэгт манай намын бүлэг төдийгүй УИХ-д суудалтай намын бүлгүүд санал нэгдэж байна. УИХ-ын гишүүдийн 50 хувийг мажоритар системээр сонгож, үлдсэн 50 хувийг пропорциональ буюу намын жагсаалтаар сонгуульд нэр дэвшихийг дэмжиж байгаа юм.
УИХ-ын сонгуулийн зардлыг бууруулах шаардлагатай байгааг нийгмийн шат шатанд шаардаж байдаг. Иймд сонгуулийн зардлыг бууруулж хямд зардалтай сонгууль зохион байгуулах ёстой гэж үзлээ. Ингэхдээ зурагт самбар, ухуулагч шадар туслахуудын тоог цөөлөх зэргээр сонгуулийн зардлыг бууруулах тодорхой саналуудыг тусгасан.
УИХ-ын сонгуулиар гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэд, сонгогчдын саналыг авах талаар саналыг оруулж байна.
Пропорциональ системээр УИХ-ын сонгуулийг зохион байгуулахад улс төрийн намуудын босго тогтоодог. Улс төрийн намуудын санал авах босгыг 2012 онд таван хувиар тогтож байсныг бууруулж, гурван хувь болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Одоо мөрдөж буй сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийн хүйсийн эзлэх хувь 20 байгааг 30-аас доошгүй болгож нэмэгдүүлэх талаарх заалтыг оруулахаар хэлэлцэж байна.
Үндсэн хуулийн 21-р бүлгийн дөрөвдүгээр хэсэгт зааснаар сонгууль явуулахаас нэг жилийн дотор сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэж заасан. Үүний дагуу энэ оны зургаадугаар сарын 20-ний өдрөөс өмнө сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батлах үүрэгтэй. Иймд тус хуулийн төслийг боловсруулж, өнөөдөр бүлгийн хурлаар хэлэлцүүлж, Лхагва гарагт Засгийн газраас санал аваад, УИХ-д өргөн барихаар болжээ.
Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдрийн хурлаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэлээ. УИХ-ын даргын захирамжаар уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. АН, МАН, ХҮН намын төлөөлөл тус ажлын хэсэгт багтсан.
Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т сонгууль болохоос нэг жилийн дотор Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосон. Энэ дагуу зургаадугаар сарын 20-ноос өмнө Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, батлах үүрэгтэй.
Гуравдугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын хурлаар саналыг нь авч, УИХ-д өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байна. Үндсэн хуулиар гишүүдийн тоо 76 байх ёстой. Тиймээс уг хуулийн хүрээнд асуудлаа өргөн барих ёстой. Намаар нэр дэвшиж буй 38 хүн нэрсийн жагсаалттай байна. Сонгогч саналаа өгөхдөө намыг нь, нэрийг нь ч хардаг системээр хуулийн төсөл өргөн барьж байгаа. Сонгогч намын нэрээр янз бүрийн хүмүүс сонгогдож байна хэмээн шүүмжилдэг учраас нэрийг нь харж сонголтоо хийх боломжийг бүрдүүлсэн" хэмээв.
Сэтгэгдэл бичих: