Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг 91 хувьд нь биш, 60 магадгүй 50 хувьд олгох байсан


2023-05-19 10:29:10

Чуулганы өчигдрийн (2023.05.18) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Гадаад өрийн нөхцөл байдлын талаар тодруулсан гишүүдийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан "Өнгөрсөн 3 жил маш хүнд байсан бөгөөд манайхтай ижил В+ зээлжих зэрэглэлтэй олон улс орны зэрэглэл буурсан. Харин Монгол Улсын хувьд 3-4 жил тогтвортой байсан нь амжилт" гэдгийг тэмдэглэн хэллээ.

Мөн тэрбээр "Өнгөрсөн хугацаанд төсвийн үлэмж алдагдалтай, Хөгжлийн банк хүнд нөхцөлд орсон, гадаад өр зээлүүд тулчихсан, гадаад валютын албан нөөц 2 тэрбум ам.долларт хүрсэн маш өндөр эрсдэлтэй нөхцөлд Засгийн газар цаг алдалгүй хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн" гэсэн юм. Эдгээрийн үр дүнд Хөгжлийн банкны үйл ажиллагааг тогтворжуулж, экспортыг тултал нэмж, төлбөрийн тэнцлээ энэ оны I улиралд нэмэх болгосон гэв. Монгол Улсын валютын албан нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний үр дүнд зээлжих зэрэглэл хэвээр үлдсэн бөгөөд энэ нь олон эерэг үр дагавар үүсгэж байгааг нэгбүрчлэн дурдав. Цаашдаа зээлжих зэрэглэлээ шат дараатайгаар нэмэх зорилгыг Засгийн газраас дэвшүүлэн ажиллаж байгаа аж.

Төсвийн зардалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлж, хэмнэх боломжийн талаар тодруулсан гишүүдийн асуултад Сангийн сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайд нар хариулт өгсөн. Төсвийн зардлыг хэмнэх нь чухал бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд 2022 онд 1 их наяд орчим төгрөгийн бодит хэмнэлт хийсэн байна. Хэлэлцэж буй төслийг ч мөн дээрх хуулийн дагуу төлөвлөсөн гэв. Тодруулбал, хэмнэх боломжгүй буюу эхний ээлжид олон нийтэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг бүрэн санхүүжүүлэх хэмжээний зардлын төслийг тусгаад байгаа гэдгийг ч мөн онцолсон.

Хүүхдийн мөнгөний хүртээмжийг нэмэгдүүлэх боломж, төсөл дэх төлөвлөлтийн талаар гишүүд тодруулахд Сангийн сайд Б.Жавхлан "Хэдхэн сарын өмнө Монгол Улс ОУВС-гаас тусламж хүсэх үү, дефолт зарлах уу гэдэг сонголт дээр байсан гэдгийг Б.Жавхлан сайд хэлэв. Хэрэв ОУВС-д хандсан бол хүүхдийн мөнгийг өнөөдрийнх шиг 91 хувьд нь олгох биш, 60 хувьд магадгүй 50 хувьд л олгох нөхцөл тулах байсан. Харин энэ хүнд байдлаас өнөөдөр гарсан" гэдгийг хэлсэн юм.

Монгол Улс гадаад өрөөс хамааралтай дефолтод орох эрсдэлгүй болсныг хэлээд “Төсвийн тогтвортой байдлаа бид маш сайн барьж ирлээ. Макро тэнцвэрүүд сайжирч байна. Ийм учраас бид хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр, тэтгэмжээ эргэн харах боломж, нөхцөл бүрдлээ. Нарийн тооцооллыг төсвийн төсөлд тусгах юм. Хүүхдийн мөнгийг өнөөдрийнхөөсөө илүү хүртээмжтэй болгохоор төлөвлөсөн” гэлээ.

Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа төрийн албан хаагчдын цалингийн бодлогыг цэгцлэхээр төлөвлөөд байгаа аж. Үүнийг хуулийн хязгаартаа төлөвлөөд төсөлд тусгахад төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг болж байгаа гэдэг тайлбарыг хийж байв. Үүн дээр хуулийн дагуу төрийн үйлчилгээнүүдийн зардлыг нэмэхээр 3.4 их наяд төгрөг болох тооцоолол бий. Үүний зөрүү 900 тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэх даалгавар Засгийн газарт оногдож байгаа аж. Энэ нь том сорилт болж байгаа гэдгийг Сангийн сайд хэлсэн. Үүний зэрэгцээ Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Засгийн газар хоёр жилийн хугацаанд нягт тооцож, төлөвлөж, боловсруулсан. Хууль батлагдвал тэр хүрээнд төсөвлөх болно. 2024 оны төсвийн хуулиараа нийгмийн даатгалын багц шинэчлэлийг хэрэгжүүлээд эхэлнэ гэж төлөвлөж байгаа гэв.

Зээлийн хүүг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаарх асуултад “2019 оны эцсээр арилжааны банкуудын зээлийн хүү дунджаар жилийн 12 хувь, сарын 1 хувь болж байсан ч олон сорилт тулгарсан. Зээлийн хүү бол цэвэр зах зээлийнхээ жамаар тогтдог. Цаашид эдийн засгаа тогтворжуулах, төсвийн алдагдлаа бууруулах, төв банкны валютын нөөцөө өсгөх зэрэг макро тэнцвэрүүдийг хангахаар зорьж ажиллаж байна. Үүний үр дүнд зээлийн хүү буурахуйц макро суурь бүрдэнэ гэж найдаж байна. Засгийн газар зээлийн хүүг шууд онилж ажиллах боломжгүй” гэдэг хариултыг өгсөн.

Төсвийн орлого өмнөх үеийнхээс нэмэгдсэн байгаа ч зардал тэр хэрээр өссөн байгааг зарим гишүүн шүүмжилж, хуримтлал үүсгэх шаардлагыг сануулж байлаа. Төсөл дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 21,163.2 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 22,996.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг -1,832.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай байхаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудад нийцүүлсэн төлөвлөлт гэдгийг Сангийн сайд онцлоод, ирэх оны төсвийн төслийг намар хэлэлцэнэ гэдгээ тэмдэглэв. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдаалсан эхний хэдэн сарын үр дүн энэ хэвээр үргэлжлэх боломжтой эсэхийг тодруулсан гишүүдийн асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд хариулт өглөө. Биржийн 40 удаагийн арилжаагаар 1.2 сая тонн нүүрс худалдаалсан байна. Биржээр, өрсөлдөөнд оруулаад худалдаалахаар нүүрс өндөр үнээр борлуулж байна. Үүний ашгийг Монголын төр, ард түмэн хүртэж байгаа. Энэ оны долдугаар сарын 01-ний өдрөөс зэс, жонш, цайр, төмөр, хүдэр, нүүрс гээд уул уурхайн бүх төрлийн бүтээгдэхүүнийг борлуулж эхэлнэ. Уул уурхай дагасан авлига, хулгай, булхайг цэгцлэх юм. Тодорхой төрлийн бэрхшээлүүд үүсч байгаа ч өөрчлөх, сайжруулах ажлуудыг тогтмол хийж байгаа гэдэг хариултыг хэлсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү