Ирэх оноос хүүхдийн мөнгийг хадгаламж руу шилжүүлнэ


2021-09-15 15:28:31

Ирэх оны төсвийг өргөн барьсантай холбоотой Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Энэ сарын 15-ны өдөр Сангийн яамнаас Засгийн газарт ирэх оны төсөв болон дагалдах хуулиудын  төслүүдийг өргөн мэдүүлдэг. Үүний дагуу өнөөдөр 2022 оны оны төсөв болон дагалдах хуулийн төслүүдийг танилцууллаа.

Мөн Засгийн газрын хуралдаан бүрээр танилцуулж буй авлигын индексийг бууруулах ажлын хүрээнд Сангийн яамнаас төрийн худалдан авах үйл ажиллагааны үйл явц хууль журмын дагуу, цаг хугацааны хувьд хэрхэн хоцрогдолтой явж байгаа зэрэг статистик судалгааг танилцууллаа.

Мөн КОВИД-19-ийн дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл болон үзэл баримтлалын талаар танилцуулга хийлээ. 

2021 оны сүүлийн хагас, 2022 онд эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ гэсэн төсөөлөл дунд төсвөө хийсэн. Эдийн засгаа сэргээх бодлого буюу хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардал талд шинэчлэл хийх зэрэг бодлогын шинэчлэлийг дэвшүүлж байгаа.

Дээрээс нь Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал байна. Өнгөрсөн дөрвөн жил утаатайгаа тэмцсэн бол энэ дөрвөн жил нийслэлд хэрэгжүүлэх бодлогын төв нь түгжрэл байх болно. Ирэх жилээс хөрөнгө оруулалтын ямар орон зай гарна тэрийг түгжрэлийг бууруулахад чиглүүлнэ.

Хог, цахилгаан, дулааны мөнгийг арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгасан бөгөөд үүгээр дуусгавар болгоно. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хуучин тариф руугаа бүрэн шилжинэ гэсэн үг.

Харин сайжруулсан түлшний хувьд дулааны улирлыг дуустал олгоно.

Хүүхдийн мөнгийг ирэх жил 20 мянган төгрөг буюу КОВИД-19-ийн өмнөх түвшинд буулгана гэсэн байсан ч тодотголын хүрээнд ирэх оны эхний хагаст хүүхдийн мөнгийг энэ хэвээр нь үргэлжлүүлэх болсон. Хүүхдийн мөнгийг бид ирээдүйн өв сангаар баталгаажуулна гэж тооцсон. Хөрвөх чадваруудыг гаргаж, халамжаас нь хуримтлал руу шилжүүлнэ. Хүүхдийн мөнгөнийг шууд хэрэглээнд үрэх биш хуримтлал руу шилжүүлнэ. Хүүхдийн мөнгийг ирээдүйн өв сангаар баталгаажуулвал 18 нас хүртэл нь 19-20 сая төгрөг болно. Энэ нь хуримтлалыг дэмжиж байгаа.

Мэдээж эрүүл мэндийн салбарыг нэгдүгээрт тавьж байгаа. Ирэх жил төрийн байгууллагуудын байшин барилга, машинд зардал тавихгүй. Өнөөдөр Засгийн газарт төсвийн танилцуулга хийсэн. Аравдугаар сарын 1-нд Засгийн газар төсвийг эцэслээд УИХ-д өргөн барина. Улмаар арваннэгдүгээр сарын 15-нд эцсийн байдлаар УИХ дээр төсөв батлагдана” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү