Барилгын дулаалгын материалууд 92 хувь хүртэл өссөн


2021-10-12 13:02:00

Барилга хот байгуулалтын яамнаас улсын төвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр барилгын материалын үнийн өсөлтийг хэрхэн тооцох талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга "Өнөөдрийн байдлаар үнийн хувьд огцом өсөлттэй байгаа барилгын материалуудыг танилцуулъя. Үүнд

  • Арматур, түүнтэй холбоотой төмөр хийцүүд 81 хувь
  • Дулаалгын материалууд 92 хувь
  • Тоосго 32 хувь
  • Мод, модон материалын үнэ 70 орчим хувиар өссөн. Энэ өсөлтийг улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа барилга байгууламж дээр хэрхэн тооцох аргачлалыг урьдчилсан байдлаар тооцоолж гаргалаа. 

Барилгын материалтай холбоотой үнийн өсөлт 36-40 хувь байна гэдгийг хоёр эх үүсвэр, аргачлалаар тооцож гаргасан. Ингээд үнийн өсөлтийг урьдчилсан байдлаар тогтоосон. 

Үнийн өсөлт ямар хугацаанд үргэлжилж байгааг харгалзаж, он дамнан хэрэгжээд явах төсөл хөтөлбөрүүд дээр үнийн индексээ бариад ажиллая гэж байгаа. Жишээлбэл, барилга угсралтын ажил нь 2021 онд эхэлсэн бол энэ жилдээ өсөлттэй тооцоод цаашдаа үнийн индексээ бариад явна. 2021 онд дуусаж байгаа барилга байгууламжийн хувьд үнийн өсөлтийг нь тооцохоор болсон. Үүн дээр бид төсвийн асуудал хариуцсан төв байгууллагатайгаа маш сайн хамтарч ажиллаж байгаа. Сангийн яам нэлээн дэмжиж ажиллаж байна. 

Барилгын материалын өсөлт улсын төсөвт ямар хэмжээний ачаалал үзүүлэхийг ҮСХ-ны зарлаж байгаа үнийн индексээр бодоод үзэхээр 360 гаруй төслийн 204 тэрбум төгрөг төсөв дээр очихоор байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт 1,000 гаруй төсөл бий. Дээр дурдсан 360 төсөл нь боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтууд юм. 

Үнэ үнэхээр өссөн үү, эсвэл хомсдолтой холбоотой огцом өсөөд бууж байна уу, хөөсрөл байна уу гэдгийг холбогдох байгууллагатай хамтраад ажлын хэсэг байгуулаад ажиллахаар төлөвлөж байгаа.

Цаашдаа хийгдэж байгаа ажлуудын үлдэгдэл гүйцэтгэл дээр үнийн өсөлтүүдийг магадлал хийх замаар баталгаажуулаад Сангийн яаманд хүргүүлнэ.

2021 оны нэгдүгээр сараас барилгын салбарын хөдөлмөр зарцуулалтын жишиг нормыг шинэчлэн хэрэгжүүлж байгаа. Жишиг норм буюу цалин хөлс нь барилгын төсөв өөрчлөгдөхөд мөн нөлөөлж байгаа" гэв.

Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа "Өнөөдөр барилгын салбарт улсын төсвөөс хэрэгжиж буй төслүүдэд материалын үнийн өөрчлөлтийн асуудал хурцаар хөндөгдөж байна. Дан ганц Монголд гэлтгүй дэлхий даяар цар тахлын улмаас тээвэр ложистик, барилгын материалын үнэ нэмэгдэж байгаа. Төсвийн хөрөнгө оруулалттай ажлууд удаашралттай байна. Барилга, хот байгуулалтын яам жил бүр үнийн индексийг гаргадаг. Энэ жил 1.45 хувиар өөрчлөлт гарсан байна гэж үнийн индексийг гаргасан. Статистикийн төв газраас үнийн өсөлтийн индексийг гаргасан. Энэ хоёр үнэхээр ойрхон гарсан.

Мөн барилгын салбарын хөдөлмөр зарцуулалтын жишиг нормыг гаргасан. Өөрөөр хэлбэл, барилгын салбарын ажилчдын цалин хөлс гэсэн үг. 2019 онд үүнийг батлаад 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон. Яг цар тахлын үетэй давхцчихлаа. Энэ нь барилгын төсөвт өртөг өөрчлөгдөх хүчин зүйл болж байна. Барилгын хөгжлийн төв зураг, төсөл, магадлал хийдэг. Магадлал гэдэг нь төсвийн төсөөлөл, төлөвлөлтөнд хэрэглэдэг үйл ажиллагаа байгаа юм" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү