Б.Ганхуяг: "Тавантолгой түлш" ХХК-ийн 31 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК эзэмшинэ


2021-10-13 15:11:48

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Тавантолгой түлш" ХХК-ийн эзэмшлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ. Үүнтэй холбоотойгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Тавантолгой түлш" ХХК-ийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой" ХК 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд "Тавантолгой түлш" ХХК-ийг санхүүжүүлж ирсэн. Учир нь Улаанбаатар хотын утааг бууруулах, хүн амын эрүүл мэнд гээд томоохон нийгмийн ач холбогдолтой ажилд компани өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Өнөөдрийг хүртлэх хугацаанд "Тавантолгой түлш" ХХК-ийн хувь эзэмшлийн асуудал тодорхойгүй байсан. Компани яг өнөөдрийн байдлаар 372 тэрбум төгрөгийн санхүүжилтийг "Тавантолгой түлш" ХХК-г байгуулахад зарцуулсан. Засгийн газрын хуралдаанаар 51 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК эзэмшиж, үйл ажиллагааг нь хариуцаж явах, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хариуцахаар боллоо.

Компанийн байдал өнөөдрийг хүртэл хугацаанд нийгмийн хариуцлага, хандив, иргэдийг тав тухтай, дулаан байлгах, Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг багасгах чиглэлээр байсан бол "Эрдэнэс Тавантолгой" ХК-д шилжиж ирснээр бизнесийн зарчим руугаа илүү орох хандлагыг барьж ажиллана.

Өөрөөр хэлбэл, жилээс жилд зөвхөн татаасаар буюу санхүүжилтээр амьдардаг байсан бол өөрийнхөө бизнесийн үйл ажиллагааг чиглүүлэх, орлого олох, бусад түншлэлийн хэлбэр бий болгох, Улаанбаатараас гадна орон нутагт шаардлагатай түлшийг санхүүгийн хувьд үр ашигтай нийлүүлэх, цаашилбал дэлхийн түлш үйлдвэрлэх ямар боломж байна гэдэг хандлагын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК бизнесийн зарчмаар нь ажиллуулах хүрээнд авч байгаа гэж ойлгож болно.

14 хоногийн хугацаанд "Тавантолгой түлш" ХХК-ийн бизнес төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газар болон холбогдох яамдууд танилцуулах чиглэл авсан. Энэ чиглэлийн хүрээн хоёр жилийн хугацаанд Тавантолгой болон бусад ордод байгаа нүүрсийг дахин боловсруулах, гүн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн  үйлдвэрлэх, өндөр үнэ бүхий чанартай бүтээгдэхүүн болгох чиглэлээр судалгааны ажлууд нэлээд явагдсан" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү