Б.Жавхлан: Бүхий л салбарын орлого 2019, 2020 онуудаас өсөлттэй гарсан


2021-06-16 13:33:15

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулжээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Төсвийн орлого 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ бол өнөөгийн нөхцөл байдалд чамлахааргүй тоо. Төсвийн орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлттэй. Өөрөөр хэлбэл, эдийн засаг эхний хагас жилд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн Эдийн засгаа сэргээх, өсөлтийг хадгалах арга хэмжээний үр дүнд 2019 оны суурь үзүүлэлтүүд давсан. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ сайн үр дүн үзүүлсэн гэж дүгнэж болно.

Хатуу хөл хориог удаан хугацаанд үргэлжлүүлэлгүй аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэр үйлчилгээг шат шатанд нь тодорхой хэмжээнд нээлттэй байлгасны үр дүнд эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарч байна. Түүвэр судалгаагаар бус Е баримт дээр түшиглэн гаргасан судалгаагаар энэ оны тавдугаар сарын байдлаар 39.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлого тайлагнагдсан байна. Үүнийг 2020 оны мөн үетэй харьцуулбал даруй 25 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Аж ахуйн нэгжүүдийн орлогыг салбараар нь авч үзвэл бүхий л салбар өмнөх онуудаас өсөлттэй гарчээ" гэлээ.

2021 оны 6 сарын 14-ний өдрийн өссөн дүнгээр:

Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт 17,785 зээлдэгчид 1 их наяд 313.8 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Үүнээс 3,512 аж ахуйн нэгж, 14,273 иргэний зээл байна. Олгогдсон зээлийн 7,162 нь Улаанбаатарт 10,623 нь орон нутгийн зээлдэгчид шийдвэрлэгдсэн байна.

Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 497.9 тэрбум төгрөгийг 2,326 зээлдэгч, үүнээс 1,378 аж ахуйн нэгж, 948 иргэнд,

Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хувьд 15,784 зээлдэгчийн 207.4 тэрбум төгрөгийн зээл, 5,109 зээлдэгчид 379.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл тус тус олгогдоод байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү