ҮСХ: Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.6 сая төгрөг болжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 1 дүгээр улирлын тайланд хамрагдсан 717.7 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1066.7 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Медиан цалин өмнөх оны мөн үеэс 120.9 (12.8%) мянган төгрөгөөр өссөн бол өмнөх улирлаас 1.4 (0.1%) мянган төгрөгөөр буурчээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар 1450.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.2 (10.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 11.9 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар
- Эрэгтэйчүүдийнх 1.6 сая,
- Эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд
- Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.5 сая төгрөг,
- Урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 919.1 мянган төгрөг байна.
ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2022 оны 1 дүгээр улиралд 2015 оноос 67.0 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 13.4 хувиар нэмэгджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн дотор
- 700.0 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 25.2 хувь,
- 3.0 саяас дээш төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн бага буюу 7.1 хувь байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзэхэд
- Баруун бүсэд 982.9 мянган төгрөг,
- Зүүн бүсэд 1.1 сая төгрөг,
- Төвийн бүсэд 1.3 сая төгрөг,
- Хангайн бүсэд 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 82.1-467.2 (5.7%-32.2%) мянган төгрөгөөр бага байна.
Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар 1.6 сая төгрөг болж, улсын дунджаас 110.5 (7.6%) мянган төгрөгөөр их байна
Сэтгэгдэл бичих: