Эрдэнэтийг зорьсон нь: 70 жилийн дараах балгас уу, байгууламж уу


2023-03-21 10:25:42

Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлж, Монгол Улсыг дэлхий нийт ажиглаж буй эл өдрүүдэд эдийн засгийн сэтгүүлчдийн клубийнхэн “саалийн үнээ”-гээ эргэв. Мал төллөх цагаар сааль эргүүлж, дэл сүүлийг нь сөхөж, энэ улсын эдийн засгийг шинжих шийдлийг клубийн зүгээс гаргаж, дэвтрээ сугавчлаад холыг зорьсон нь энэ.

Цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, өндөр технологийн салбаруудад нийлүүлэлтээсээ давсан эрэлт бий болгоод байгаа зэсийн 10.7 сая тонн нь “Эрдэнэт” үйлдвэрт бий. Олон улсын зах зээлд зэсийн үнэ өсч, өдгөө 9000 ам.долларт дөхсөн нь ч монголчуудын хувьд чихэнд чимэгтэй мэдээ. Цаашид зэсийн үнэ өсөхөөр байгаа нь эдийн засагт гэрэл асахын шинж.

Гэвч байгалийн баялаг нэг л өдөр шавхагдана. Магадгүй шинээр нөөц тогтоож чадахгүй бол 70 жилийн дараа Эрдэнэтийн овоо газрын хөрсөнд тэгширсэн тал болон үлдэнэ. 

Анхны ТЭЗҮ-гээр бол Эрдэнэтийн нөөц шавхагдчихсан. Тодруулбал,  “Эрдэнэтийн овоо”-ны орд газар дахь “Эрдэнэт” үйлдвэрийн нөөцийг анх 1972 онд 4.2 сая тонн зэс, 89 мянган тонн молибден агуулсан 521.7 сая тонн хүдэртэй гэж ТЭЗҮ баталж, 36 жил ашиглах боломжтой гэж үзсэн байдаг. Өдгөө үйлдвэр ашиглалтад ороод 45 жил болж байгаа бөгөөд монголчуудыг дахин 70 жил тэжээх нөөцтэйг тогтоочихсон. Цаашддаа 123 их наяд төгрөгийн борлуулалтын орлого хийж, улс болон орон нутгийн төсөвт 47 их наяд төгрөг төвлөрүүлэх боломжтой гэсэн тооцоолол бий.

Гэхдээ Эрдэнэтийн Овоо ордын ил уурхай гүнзгийрэхийн хэрээр уул геологийн нөхцөл хүндэрч, хүдэр дэх зэсийн агуулга буурчээ. Үйлдвэр ашиглалтад орж байхад хүдэр дэх зэсийн агууламж 1 хувь байсан бол өдгөө 0.416 хувьтай хүдрийг боловсруулж байна. Цаашид агуулга улам буурна. Агуулга буурахын хэрээр зэсийн гарц буурч, ашиглалтын зардал өснө. Өмнө нь хүдэр олборлолтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байсан бол сүүлийн үед ил уурхайд технологи нэвтрүүлж, олборлох өртгийг 20 хүртэл хувиар бууруулах, мөн тоног төхөөрөмжийг шинэчилж, ашиглалтын зардлаа багасгах арга хэмжээ авах шаардлага тулгарчээ. Энэ хүрээнд баяжуулах үйлдвэрийг өртгөтгөсөнтэй танилцсан юм.

Уурхайн зүрхэн хэсэг болох энэ үйлдвэрт ил уурхайгаас олборлосон хүдрийг хоёр шатаар баяжуулна. Олборлосон 1000 хүртэлх диаметртай хүдрийг 0.074 мм буюу 1 миллиметрийг 1000 хуваасны 74-тэй тэнцэх хэмжээнд нунтаглаж, зэс, молибдены ашигт эрдсүүдийг салгана. Баяжмалуудын хөөсний гадаргууд наалдсан зэс, молибдены эрдсүүдийг өтгөрүүлээд 60-70 хувийн хатуулагтай болгож шүүн, хатаах хэсэгт хүргэнэ. Хатсан баяжмалыг 3.2 тоннын шуудайнд хийж, галт тэргэнд ачаална.

Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг ашиглалтад оруулснаар хүдэр боловсруулах хүчин чадал жилд 6 сая тонноор нэмэгдэж, үнийг дагаад баяжмалын гарц 100 мянган тонноор өссөн байна. Түүнчлэн 127 ажлын байр шинээр бий болж, 2.8 мянган тонн зэсийн баяжмал, 889.4 тонн молибдены баяжмалыг нэмж үйлдвэрлэжээ. Нэмэлт үйлдвэрлэлээс нийт 46.7 тэрбум төгрөгийн орлого олсон.

Үйлдвэрлэлийн тоо хэмжээ өссөний хэрээр хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэнийг мөн харж болно. Тухайлбал, 2022 онд хөдөлмөрийн бүтээмж 6.727 тн/хүн болжээ. Энэ нь 2021 оныхоос 1.78, 2019 оны мөн үеэс 2.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд 2017 оноос хойш 2.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Мэдээж хүчин чадлыг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгө оруулалт хийснээр хүдэр боловсруулалт 570 мянган тонноос 4.2 сая тонн хүртэл нэмэгдэж, 2017-2022 онд нийт 13.3 орчим сая тонн хүдэр нэмж боловсруулсан байна.  Цар тахлын үед “Эрдэнэт үйлдвэр” 3.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, борлуулалтын 1 төгрөгт ногдох зардлыг 56 мөнгө болгон бууруулж, улс, орон нутгийн төсөвт 1.2 их наяд орчим төгрөг төвлөрүүлсэн байдаг. Ковидын үед хил хаалттай, бараа материал хомс ч тасралтгүй бүтээн байгуулалтын ажил өрнөж, хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 2022 онд түүхэндээ анх удаа 32.6 сая тонн хүдэр олборлож, 3.7 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж, 1.8 их наяд төгрөгийг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлж чадсаныг үйлдвэрийн удирдлагууд хэлж байлаа.

Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын үед аж ахуйн нэгж болон цахилгаан, дулааны мөнгийг Эрдэнэт үйлдвэр 100 хувь хариуцсан. Үүнд 1.1 их наяд төгрөгийн зардал гаргасан байдаг. Энэ бол

  • 300 ортой 68 эмнэлэг
  • Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 11.300 ширхэг автомашин
  • 640 суудалтай 204 дунд сургуулийг шинээр барих
  • 1000 км урттай хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт хийх
  • Хүүхдийн мөнгийг 9 сарын хугацаанд олгож болохуйц мөнгөн дүн.

Улсын төсөвт төвлөрүүлсэн эдийн засгийн үзүүлэлт нь

  • 2017 онд 580 тэрбум
  • 2018 онд 654.9 тэрбум
  • 2019 онд 961.7 тэрбум
  • 2020 онд 1 их наяд
  • 2021 онд 1.2 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн.

Цаашид нөөц өсгөх төсөл хэрэгжинэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Эрдэнэт овооныхоо хил хязгаарт хайгуул хийх, нөөцийг нь нэмэгдүүлэх чиглэлээр 6 лиценз хөөцөлдөж байсан нь түүнийг үйлдвэрийн даргаар ирсний дараа албажсаныг Г.Ёндон танилцуулсан юм. Хайгуулын лиценз албажсан тул  өрөмдлөг хийж, нөөцөө нэмэгдүүлэх ажиллагаа эхэлнэ.

Гол нь зэс хайлуулах үйлдвэр. Хэрэв ийм үйлдвэртэй бол эдийн засгийн үр өгөөжийг гурав дахин нэмэгдүүлэх боломж бий болно. Монгол Улсад зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах зарчмын шийдвэрийг 2010 онд УИХ-ын 21 дүгээр тогтоолоор гарсан. 2015 онд Засгийн газрын 247 дугаар тогтоолоор энэ ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж шийдсэн байдаг. Улмаар ТЭЗҮ-ийг Эрдэнэт үйлдвэр захиалж, БНХАУ-ын Зураг төслийн тэргүүлэх институтээр хийлгэсэн нь ч бий.  Харамсалтай нь өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй.

ЗХУ-аас зэсийн үйлдвэртэй болохыг дэмждэггүй байсны дээр Хөвсгөлийн фосфортын ордыг ашиглахтай холбоотой эсэргүүцэлтэй нүүр тулж, ажил хэрэг урагшлаагүй байна. Үүнд Ц.Балдорж агсны “Далай ээж цаазын тавцанд” нийтлэл ч нөлөө үзүүлсэнийг үйлдвэрийн удирдлагууд хэлж байлаа.  

Зэс хайлуулах үйлдвэрээс хүхрийн хүчил гэх хортой бодис ялгардаг. Энэхүү хорыг хэрхэн саармагжуулах асуудал яригдаж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт байрлах фосфортын ордыг ашиглах санал гаргасан нь нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарах үндэслэл болсон байна.

Бүрэнхааны фосфоритын орд Хөвсгөл далайгаас 100 км зайтай оршдог бол Онгилог нуур нь далайн элгэн дээр шахам байршдаг байна.  Онгилог нуурын фосфоритын орд нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт оршдог. Онгилог даваа, Жанхайн давааны орд газарт 1.5 тэрбум тонны нөөц байгааг илрүүлж, фосфоритын гол нөөц гэж тогтоосон боловч Хөвсгөл далайтай ойрхон оршдог учраас ашиглахгүй гэсэн байр суурь дээр эрдэмтэд болон геологичид санал нэгддэг.

Тиймээс хүхрийн давхар ислээ натрийн болон фосфорын бордоогоор  саармагжуулж элементийн хүхэр үйлдвэрлэх туршилыг “Эрдэнэт” үйлдвэрийн захиалгаар Хятадын MFE төрийн өмчийн судалгааны хүрээлэн хийж байгаа аж. Одоогоор лабораторийн болон хагас үйлдвэрийн туршилт амжилттай болсон. Одоо эцсийн туршилтыг Шинжаанд хийж байгаа бөгөөд амжилттай болвол 2023.06.30-ны дотор эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ-г батлуулахаар төлөвлөжээ.

Ийнхүү үйлдвэрлэгч орон болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа тус үйлдвэр ажилчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн анхаардгийг сонирхсон юм.

Үйлдвэрийн ажилтан амаржвал хүүхдийг нь 3 нас хүртэл нь сар бүр 500.000 төгрөгийг нэмэлт тэтгэмж болгон олгодог байна. Цалинтай ээж хөтөлбөрийн 50.000 төгрөгөөс гадна гэсэн үг. Мэдээж амаржихын өмнөх болон дараах хоёр сарын цалингаа бүтэн авна. Тус үйлдвэрийн нийт ажилчдын 34 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тиймээс үйлдвэрийн нийгмийн хамгааллын нийт зардлын 36 хувийг эмэгтэй ажилчдад зарцуулдаг нь энэ аж.

Түүнчлэн үйлдвэрт ажиллаж байсан ахмадууддаа нэмэлтээр олгодог тэтгэврийн хэмжээг 1.5-2 гаруй дахин хувиар нэмсэн байна. Тодруулбал, ажилласан жилээс нь хамааруулан тэтгэврийн нэмэгдлийг олгож, тэтгэвэр тогтоолгосон 2896 гаруй ахмад настанд 8 төрлийн тусламж, дэмжлэг үзүүлдэг байна.

Хэрэв үйлдвэрийн ажилтан банкны зээлээр орон сууц худалдан авбал 8 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байсныг 13 сая болгожээ. Мөн ажилчдад зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгждэг бөгөөд метр квадратын үнэ нь 1.5-1.8 сая төгрөг. Мэдээж үйлдвэрт ажилд орно гэдэг амаргүй.

Гэхдээ 2026 он хүртэл 6 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2139 ажлын байрыг шинээр бий болгохоор тооцоолжээ.

Тэгвэл 70 жилийн дараах энэ бүх эдийн засгийн үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөх бол...

Үргэлжлэл бий

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү