МҮОХ-ны хөрөнгө шамшигдуулалт-2 буюу ГАЗАР ЗАЛГИЛТ


2021-06-11 14:26:47

Тамирчдын нэрээр дулдуйдан Монголын үндэсний олимпийн хороо хэрхэн хөлждөг вэ. Өмнө нь тус холбоо тамирчдын нэрээр орж ирсэн хөрөнгийг хэрхэн баруун солгойгүй зарцуулж, шамшигдуулдаг талаар нийтэлсэн бол энэ удаад зөвхөн газрын асуудлыг хөндөв.

Уг нь МҮОХ  нь Монголын тамирчдын амжилт, бүтээлийн архив, Монгол тамирчдын нэр хүндийн баталгаа болох газар. Харамсалтай нь хөшигний цаана өөр үйл явдал өрнөж байдгийг аудитын дүгнэлтээс харж болно.

МҮОХ 2004 онд нийт 67.720 ам метр эзэмшил газартай байснаас Нийслэлийн Засаг даргын 5 удаагийн захирамжаар өөрчлөлт орж, 3666 ам метр газар үлджээ.

Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлын 2012 оны 4 дүгээр тогтоолоор 28.445 метр квадрат газрыг гишүүн холбоо болох Олимп сургалтын төв, “Тамирчин нөхөн сэргээх сувилал” ХХК-д өгөхөөр шийдвэрлэсэн байдаг. Гэтэл МҮОХ-ны ерөнхийлөгч 2012.04.10-ны өдрийн 1/34 дугаартай “Газар шилжүүлэх тухай” албан хүсэлтийг Нийслэлийн газрын албанд хүргүүлэхдээ газрын нэгж талбарыг 10.000 метр квадратаар нэмэх нь тэр. Нийслэлийн Засаг даргаас хүсэлтийг шийдвэрлэхдээ 6.535 метр квадрат талбайг бууруулж, 912 метр кавдарт талбайг нэмж 420 дугаар захирамж гаргажээ.

МҮОХ-ны гишүүдийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэлгүйгээр хөрөнгө, барилга, байгууламж барих, шилжүүлэхтэй холбоотой шийдвэрийг гаргасан нь итгэл эвдэж, эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй. Жишээ нь

  • ГЗГХ-ын 2004.11.26-ны 09 дүгээр тогтоолоор МҮОХ-ны ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон сууцы барилга барих зөвшөөрөл олгохоор
  • ГЗГХ-ын 2005.07.01-ний 4 дүгээр тогтоолоор Б.Наранцэцэгт тамирчдадзориулсан нөхөн сэргээлтийн төв барьж байгуулах зээл авахад дэмжлэг үзүүлэх
  • ГЗГХ-ын 2007.09.17-ны 9 дүгээр тогтоолоор Тамирчдын сэргэлтийн төвийн санхүүгийн асуудлыг олон улсын төсөл хэрэгжүүлэх, банкнаас зээл авах, түнд байгууллагаас дэмжлэг авах, аж ахуйн нэгжүүдтэй хамтран шийдвэрлэх
  • ГЗГХ-ны 2008.11.13-ны 17 дугаар тогтоолоор Тамирчин нөхөн сэргээх сувиллын барилгыг “Тамирчин нөхөн сэргээх сувилал” ХХК-д шилжүүлэх
  • 56.1 сая төгрөгийн дансны үнэтэй 9-25 жил ашигласан “Ланос” маркийн суудлын автомашин, “Самосваль” ачааны машин, “Ниссан натрол” жип зэрэг 3 автомашиныг актлаад 19-22 сая төгрөгөөр зарж борлуулсан тухай 2012.02.01-ний 08 дугаар тушаал гаргажээ.

МҮОХ ажилчдын 40 айлын орон сууцны барилга барих, хөрөнгийн эх үүсвэрийг Голомт банкнаас МҮОХ-ны нэр дээр гаргуулан авч бариулсан байдаг. Тухайн орон сууцны борлуулалтын орлогоос 23 сая төгрөгийг Тамирчин нөхөн сэргээх сувиллын барилга барихад зарцуулсан зэргээс үзэхэд тус 2 барилгыг барих хөрөнгийн эх үүсвэр бий болгоход МҮОХ-ны нэр хүндийг ашиглан хөрөнгө бий болгосон. Гэхдээ МҮОХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлээгүй. Мөн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлын 2008.11.13-ны 17 дугаар тогтоолоор Тамирчин нөхөн сэргээх сувиллын барилгыг “Тамирчин нөхөн сэргээх сувилал” ХХК-д шилжүүлэхдээ эрх мэдлээ урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө эрхийг шилжүүлсэн авсан байж болзошгүй байгаа юм.

2008 онд байгуулагдахдаа ганц сая төгрөгийн дүрмийн сантай байсан “Тамирчдыг нөхөн сэргээх төв” компани нь гэнэт 3.8 тэрбумээр үнэлэгдэх 1890 метр квадрат газартай, таван давхар барилгатай болж олныг гайхшруулж байсан удаатай.

Үнэндээ 2013 онд МҮОХ-ны тухайн үеийн ерөнхийлөгч агсан Д.Загдсүрэн, Захиргааны дарга, хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байсан Б.Наранцэцэг нарыг бүлэглэн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж ашиг хонжоо олох зорилгоор МҮОХ-ны өмчлөлд байсан газар байшин барилгатай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг. Эл хэргийг 2014.01.27-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэж байсан ч тухайн үед шийдвэр гаргахад оролцсон бусад гишүүдийн гэм буруутайн асуудал хөндөгдөөгүй нь анхаарал татна. Өдгөө ч газрын маргаантай асуудал үе үе хөндөгдөж, цаана нь эрх ашгийн тулаан өрнөх нь бий.

Мөн МҮОХ-ны нэр дээр арилжааны 2 банкны 4 дансаар дамжуулан 1.760.7 сая төгрөгийн зээл авч, 360.3 сая төгрөгийг зээлийн хүүд төлж нийт 2.121.0 сая төгрөгийн гүйлгээ хийснийг санхүүгийн тайланд тусгаагүй байсан нь илэрчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү