Д.Тэрбишдагва "Талд Нуугдсан Өлгий" номоо БНСУ-д танилцуулжээ


2022-06-29 11:07:42

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын солонгос хэл дээр хэвлэн гаргасан "Талд Нуугдсан Өлгий" номын танилцуулга БНСУ-д боллоо. БНСУ-д Монгол Улсын тухай сурталчилан таниулах, түүхээ танин мэдүүлэхэд чиглэсэн уг номоо 3,6 сая хүнтэй, БНСУ-ын 2 дахь том хот Пусанд танилцууллаа. Пусан хот нь Солонгосын хойгийн зүүн өмнөд үзүүрт өмнө талаараа Солонгосын хоолойгоор хүрээлэгдсэн. Сибирь, Европыг холбосон хойгийн өмнөд үзүүрт оршдог. Пусан нь мөн Номхон далай болон Атлантын далайд гарах гол гарцын үүрэг гүйцэтгэдэг.

Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам БНСУ-ын жуулчдыг "соронздох" төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй. Энэ хүрээнд тус улсын иргэдийг Монгол Улсад 30 хоногийн визгүй зорчих шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ үед дээрх номын танилцуулга болсон нь Монгол Улс руу аялах сонирхол төрүүлэхүйц үйл явдал боллоо хэмээн аялал жуулчлалын салбарынхан онцолж байна.

Д.Тэрбишдагвын шинэ ном танилцуулах нээлтийн арга хэмжээ томоохон хотуудад зохиогдсон бөгөөд Солонгосын төрийн түшээд, хотуудын дарга, удирдлага, Солонгосын урлаг соёлын эрхмүүд болон Монголчууд уригдан, оролцсон.

Билиг ухаан, нинжин сэтгэлийг дээдэлдэг дорнын соёлт нүүдэлчин монголчуудын тээж буй өв соёл хүн төрөлхтөнд юу өгч чадах тухай өгүүлэх энэ ном Солонгосын ард түмэнд Монгол хүн, Монгол өв соёлын тухай шинэ өнгө нэмж буй юм.

Мөн тэрбээр БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууд, залуучуудад номоо танилцуулсан. Эх орноо, элгэн нутгаа санагалзсан сэтгэлийг нь жаахан ч гэсэн сэргээж, номоороо дамжуулан Монголын тухай олон мэдлэг тэдний солонгос найз нөхдөд хүргэх боломж нээгдэж байгааг зохиолч онцолж байсан юм.



 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү