Б.Жаргалмаа: Барилгын материалын будагны саванд сурагчид өгөх таргийг тээвэрлэдэг компани илэрч байсан


2021-05-12 17:55:34

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны тогтоолоор байгуулсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр /2021.05.12/ Баянзүрх дүүрэг дэх захын хорооллын ерөнхий боловсролын 79, 14 дүгээр сургуулиудад ажиллав.

Ажлын хэсгийн ахлагч П.Анужин, гишүүн Б.Жаргалмаа, Ж.Чинбүрэн нар холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудын хамт сургуулиудад ажиллаж сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаатай танилцсан юм. УИХ-аас 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ хуулийн дагуу 2022 оны хичээлийн жилээс 1-6 дугаар ангийн сурагчдад сургууль дээр нь үдийн хоол өгдөг болно.

Гишүүд сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэлтийн байдал, эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоол, хүнсээр хүртээмжтэй хангах болон хүүхдийн хоолны зардлын нормативыг шинэчлэн батлах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, холбогдох тооцоолол зэргийг сургуулиудын захирлууд болон тендерт шалгарч үдийн цай үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан компаниудын захирлуудаас тодруулж, хуулийн хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлыг нь сонслоо.

Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч П.Анужин нэг хүүхдэд өдрийн 900 төгрөгийн зардлаар тооцон хэрэгжүүлж буй одоогийн үдийн цай үйлчилгээг үдийн хоол болгосноор нэмж шаардагдах зардлыг хэрхэн шийдвэрлэх, сургууль бүрийг яаж өөрийн гэсэн хоол үйлдвэрлэх зориулалтын гал тогоотой болгох, хүүхдэд шим тэжээлтэй хоол хүнс өгөх нь ямар чухал болох талаар эцэг эх, нийгмийн хандлагыг өөрчлөх, үдийн цай үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан компаниудад сургуулийн гал тогоо, талбайг түрээслүүлдгийг болиулах, үдийн хоолны зардлаас бизнес эрхлэгчид ашиг гаргаж, хуваалцдагийг зогсоож, зардлыг зуун хувь хүүхдэд зарцуулах зэрэг олон асуудлыг өргөн хүрээнд авч үзэж, шийдвэрлэх талаар ярив.

Гишүүн Б.Жаргалмаа барилгын материалын будагны саванд хүүхдийн үдийн цайнд өгөх таргийг тээвэрлэдэг компани илэрч байсан. Сурагчдын үдийн цай, хоолыг ашиг харснаар амжилттай хэрэгжүүлэхгүй хэмээн байр сууриа илэрхийллээ.

Гишүүн Ж.Чинбүрэн хүүхдүүд дархлаа сайтай, өвчлөлгүй байхад илчлэг, витаминлаг хоол хүнсээр хангах, түүнийг үйлдвэрлэх процесс хамгийн чухал учир хуулийн хэрэгжүүлэх суурийг анхнаас нь зөв тавьж явах талаар хэлэв. Ажлын хэсэг цаашид хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлын талаар санал, дүгнэлт гарган, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү