3 настай хүүг ухаангүй болтол зодсон Э өмнө нь ял эдэлж байжээ

Хамтран амьдрагч нь 3 настай хүүг сэхээнд ортол нь зодсон хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "2023.03.06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн Х хорооны нутаг дэвсгэрт байрлах гурван настай, эрэгтэй Б нь бусдад зодуулан гуравдугаар сарын 8-ны 09:40 цагийн орчимд ГССҮТ-д ухаангүй байдалтай ирж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Шалгалтын явцад Л-ийн хамтран амьдрагч Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай Б-г зодсон байж болзошгүй байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Гурван настай хүүг төрсөн эх Л түүний хамтран амьдрагч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн.
Л-ийн хамтран амьдрагч Э нь хүүг эмнэлэгт хүргэсний дараа зугтсаныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон хойшлуулшгүйгээр баривчлан цагдан хорих арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Эмнэлгийн байгууллагаас хохирогч хүүгийн биеийн байдал хүнд, одоогоор ухаангүй эмчлэгдэж байгаа талаар мэдээлэл өгсөн. Шинжээч эмчийн үзлэгээр хохирогч гурван настай Б-ийн мөч дээрээ 4-5 хоносон цус хуралттай, шулуун гэдэсний хэсэгт хавагнаж, цус хурсан шинэ гэмтэлтэй, гавал, тархинд цусан хураа үүссэн, хүзүүний гуравдугаар нугалам хугаралтай болохыг мэдээлсэн.
Яллагдагч Э нь өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл эдэлж байсан" гэв.
Хохирогч Б-ийн эх Л энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан нь шалгалтын явцад тогтоогдсон. Л нь холбогдогч Э-тэй 2023 оны нэгдүгээр сараас эхлэн хамтран амьдарч байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн" гэлээ.
Сэтгэгдэл бичих: