Д.Амартүвшин: Аж ажуйн нэгжийн цагийн хязгаарлалтаас болж ахуйн архидалт нэмэгдсэн


2021-11-24 14:24:11

"Тэвчээр тасарлаа" хөдөлгөөнөөс зарим аж ахуйн нэгж цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж, цуцалж өгөхийг шаардаж мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд “Тэвчээр тасарлаа" хөдөлгөөний үүсгэн байгуулагч Д.Амартүвшин “Цар тахлын үед зарим аж ахуйн нэгжид цагийн хязгаарлалт үйлчилдэгтэй холбоотой аж ахуйн нэгжүүд хүнд байдалд ороод байна. Өглөө, оройдоо нийтийн тээвэрт олуулаа шахалддаг. Оройдоо 30-50 хүн үйлчлүүлдэг баар, цэнгээний газар үйл ажиллагаа явуулах гэхээр мэргэжлийн хяналт, цагдаа дарамталдаг. Үүний уршгаар орон байрны архидалт утгаа алдлаа. Орой бүр байрны гадаа цагдаа хүрч ирээд хүн авч явж байгааг харж байна.

Цагийн хязгаарын дарамтаас болж хүмүүс уух ёстой газраа биш, эхнэр, хүүхдийнхээ хажууд согтууруулах ундаа хэрэглэж байна. Энэ нь эргээд тухайн газарт гарсан ямар нэг хэрэг, үйл явдлыг нуух ч эрсдэл үүсгэнэ.

Албан бус мэдээллээр, 00:00 цагт хаах ёстой уух зүйлээр үйлчилгээ үзүүлдэг газруудын бараг 50 хувь нь нууцаар ажиллаж байна. Хуулиа ингэж гууль болгосон журам хэрэггүй, болих хэрэгтэй. Бид зүгээр ажлаа хиймээр байна.

Улаанбаатар 1.5 сая хүнтэй хот. Энэ олон хүнийг зөвхөн 08:00-21:00 цагийн хооронд бүгдийг нь шавуулахаар өдрийн ачаалал нь нэмэгдэж, нөгөө л хотын түгжрэлээс эхлээд бүх асуудал үүсдэг. Дэлхий дахинд нэг саяас дээш хүн амтай бүх хот шөнийн цагаар ажилладаг газартай байдаг. Шөнийн хоолны газар, шөнийн зах, шөнийн баар цэнгээний газар ажиллуулж байж өдрийн ачааллыг багасгана гэдгийг төр засаг ойлгох ёстой" гэв.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү