М.Дондогдорж: Ноолуур бэлтгэлд 150 тэрбум баталсан


2022-03-21 16:22:14

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдоржтой энэ жилийн зээл олголтын хүрээнд ярилцлаа.

-Малдын гол орлогын эх үүсвэр болох ноолуур бэлтгэлийн үе эхэллээ. Энэ жил энэ салбарт хичнээн төгрөгийн зээл олгох вэ?

-Ноолуур бэлтгэлд 150 тэрбум, арьс ширэнд 15 тэрбум, ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан. Засгийн газраас 7.65 хувийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ. Зээлдэгч  3 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой.

-Ноолуур бол Монголын уул уурхайн бус томоохон экспортын бүтээгдэхүүн. Гэвч нэмүү өртөг шингэдэггүй асуудал байнга хөндөгддөг. Энэ талаар салбар яамнаас ямар бодлого баримталж байна вэ?

-Ноолуурын түүхий эд бол манай стратегийн гол уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүн. Энэ хүрээнд ноолуурын түүхий эдийн ашиглалтын  хувийг ярих ёстой. Одоогоор 20 гаруй хувийг гүн боловсруулж байна. Үлдсэн 80 хувийг анхан шатны боловсруулалтаар экспортлож байгаа. Цаашдаа гүн боловсруулалтын түвшинг ахиулах бодлого хэрэгжүүлж байна.

Үүний хүрээнд эхний ээлжинд үндэсний үйлдвэрлэл бэлтгэхэд нь зориулж 3 хувийн хүүтэй зээлийг олгож байгаа. Өнгөрсөн жил 95 тэрбум төгрөгийг ноолуурын үйлдвэрүүдэд ноолуур бэлтгэхэд зориулж олгосон. Энэ жил мөн ялгаагүй олгоно.

Түүхий эдийг тогтвортой үнэтэй байлгах бодлого чиглэл үндэсний үйлдвэрүүдийг хөгжүүлэх. Нэмүү өртгийн сүлжээг бий болгох, экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын нэг нь энэ.

-Малчдын гар дээрээс ноолуурыг хэдэн төгрөгөөр авч байна вэ?

-Яг өнөөдрийн хувьд Зүүн талын аймгуудад ноолуур самнаад эхэлж байна. Урьдчилсан гэрээ хэлэлцлээр 120.000-150.000 төгрөгийн ханштай байна.

-Ноолуурын үнийг төрөөс зохицуулах боломж бий юу?

-Ноолуурын үнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тогтоох боломжгүй. Энэ бол зах зээлийн зарчмаар явагддаг. Гэхдээ үнийг тогтвортой байлгах бодлого чиглэлийг салбар яамнаас хэрэгжүүлж байна. Үүний нэг жишээ нь 3 хувийн хөнгөлөлттэй зээл.

-Худалдан авагчид чанарт анхаарлаа хандуулж байна. Тиймээс гарал үүслийг нь ихээр сонирхох болсон. Үүнтэй холбоотой Нүүдэлчин стандартыг баталсан байх аа. Хэрэгжилт хэр байна вэ?

-Ноолуурын экспортод гарч байгаа томоохон өөрчлөлт нь гадны томоохон худалдан авагчид гарал үүсэл нь тодорхой, малын тавлаг байдлыг хангасан эсэх, бэлчээрийн шаардлагыг тавьдаг болсон. Энэ хүрээнд хариуцлагатай нүүдэлчин стандартыг баталсан. Энэ стандартад малын тавлаг байдлыг хангаж байна уу, бэлчээр ашиглалт зэрэг 5 үзүүлэлтийг тусгасан. Энэ стандартыг мөрдөн мөшгих системийг Швейцарийн хөгжлийн агентлагаас өнгөрсөн долоон хоногт яаманд хүлээлгэж өгсөн. Энэ системийг хэрэгжүүлснээр түүхий эд бэлтгэх мөрдөн мөшгих тогтолцоо, гарал үүсэл тодорхой болж, гадны томоохон худалдан авагчдын тавьж байгаа шаардлагыг биелүүлэх боломж бүрдэж байгаа юм.

-Гол нь үйлдвэрлэл. Үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх нөөц бололцоо ядмаг байх шиг. Үүнтэй санал нийлэх үү та?

-Нэхэмлийн үйлдвэрийн тогтвортой үйлдвэрлэлийн стандартыг батлуулсан. Үүнд Ногоон стандартын үзэл санааг тусгасан. Байгаль орчинд хэмнэлттэй, цахилгаан, усны хэмнэлттэй технилоги ашиглалт бий эсэх шаардлагыг тавьдаг болсон. Эдгээр стандартыг хэрэгжүүлж эхэлж байна. Мөн Монгол ноолуурыг дэлхийн зах зээлд таниулах зорилгоор шинэ брэндийг таниулах ажиллагаа явагдаж байна.

-Ганц ноолуур бус арьс шир, ноос бэлтгэлд ч мөн 3 хувийн хөнгөлөлттэй зээл олгодог байх аа?

-Ноолуур, арьс шир, ноос гээд 3 чиглэлээр хөнгөлөлттэй зээл олгож байгаа.

-Энэ зээлд ямар журмаар хамрагдаж болох вэ?

-Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүд хамрагдана. Жишээ нь өнгөрсөн жил ямаа самнахаас дээш шат дамжлагатай үйлдвэрүүд хамрагдсан. Зээлийн эх үүсвэр нь арилжааны банк. ХХААХҮЯ-наас салбартаа үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн нэрийг арилжааны банкуудад хүргүүлнэ. Эдгээр аж ахуйн нэгжүүд тухайн арилжааны банкинд хүсэлт гаргасан тохиолдолд судлаад зээлийн шаардлага хангаж байвал зээлийг олгоно.

-Арилжааны банк шалгуурыг тогтооно гэсэн үг үү?

-Банкаар дамжиж, эрсдлээ үүрч байгаа учраас шалгуур үзүүлэлтийг банк тавина гэсэн үг. Товчхондоо, зээлийн зарчмаараа явагдана.

-Арилжааны банкны шалгуур өндөр. Үүнээс улбаатай жижиг дунд үйлдвэрлэгчид шалгуурт тэнцдэггүй асуудал бий. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

Арилжааны банкны шалгуур өндөр, барьцаа хөрөнгө шаарддаг асуудал бий. Иймээс Монголбанктай хамтран заавал үл хөдлөх хөрөнгө бус хөдлөх хөрөнгө барьцаанд тавих талаар судалж үзэх хүсэлтийг арилжааны банкуудад тавьсан.

-Мөн зээлээ хөөцөлдөж явсаар хугацаа алдаж, алдагдал хүлээх тохиолдол бий. Иймээс хугацааны хувьд салбар яам хэрхэн зохицуулалт хийж байгаа вэ?

-Өнгөрсөн жил ноолуурын салбарт 95 тэрбум, арьс ширний салбарт 13 тэрбум төгрөг олгосон. Түүхий эд бэлтгэлийн хугацаатай холбоотой асуудал тулгарах нь бий. Түүхий эд бэлтгэхээс өмнө арилжааны банкинд хандаж зээлээ авах нь чухал. Түүхий эд бэлтгэхтэй зэрэгцээд арилжааны банкинд зээл авах хүсэлт гарахаар дууссан хойно зээл гарах тохиолдол бий. Өнгөрсөн жил иймэрхүү алдаа гарсан. Энэ жил харьцангуй эрт ажлыг эхлүүлж, арилжааны банкуудтай гарын үсэг зурсан тул зээл олгогдоод явахад асуудал гарахгүй болов уу.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү