63.620 өрхийн угаарын хий мэдрэгчинд давхар дохиолол суурилуулж, хянана


2021-09-15 17:04:16

Өвөл хаяанд ирэв. Утаагүй бас угааргүй өвөлжих бэлтгэл ажил эрчимжиж байна. Энэ хүрээнд сайжруулсан түлшний цогц хэрэглээ аяны нээлт өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчид үйлчлэх төвд боллоо.

“Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе” дор энэ удаагийн аяны нээлтийг дээрх төвд зохион байгуулсан нь учиртай.

2019 оноос Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, сайжруулсан түлшийг нэвтрүүлсэн. Гэр хорооллын айл өрх сүлийн 2 жил сайжруулсан түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол, тоос тоосонцорын хэмжээ 40-50 хувь буурсан. Нүдэнд илт харагдах бодит үр дүн гарсныг хэн хүнгүй хүлээн зөвшөөрнө. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр “шинэ” түлшний буруу хэрэглээ, хүний хайхрамжгүй байдлаас үүдэлтэй угаартах явдал олонтаа гарсан.

Өнгөрсөн жилээс “Яндангаа хөөлье” аяныг зохион байгуулж, энэ хүрээнд 147.000 дуудлага хүлээн авч 17.000 гаруй өрхийн янданг хөөлж, 12.000 гаруй өрхийн пийшинг шинэчилж, засварлажээ. Мөн угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын өрхүүдэд үнэгүй тараасан билээ. Үүний үр дүнд 

  • 2019-2020 оны галлагааны улиралд 900 гаруй өрхийн 2970 хүн
  • 2020-2021 оны галлагааны улиралд 350 гаруй өрхийн 786 хүн
  • 2021 оны 9 сарын байдлаар 20 гаруй өрхийн 44 хүн угаарт өртжээ.

Өөрөөр хэлбэл, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд угаарын хийн дуудлага, мэдээлэл эрс багассан байна.

Угаарын хий мэдрэгчийг 15.000-30.000 төгрөгөөр худалдана

Гэхдээ сайжруулсан түлш хэрэглэгч 200.000 орчим өрхөд эрсдлийн үнэлгээ хийхэд анхаарах шаардлагатай хэмээн 63.620 өрх “үнэлэгджээ”. Энэ нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдээ харах хүнгүй үлдээдэг болон нэн ядуу өрхийг багтаасан байна. Тухайн айлуудын яндангийн битүүмжлэл алдагдсан, пийшин, зуух хуучирч муудсан гэх давхар анхааруулгатай. Иймээс эдгээр өрхөд угаар мэдрэгчид дохиолол суурилуулж, хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 24 цагаар хянаж эхэлсэн байна.  

Хэрэглэгчид үйлчлэх төвд нэг ээлжиндээ 10 хяналтын ажилтан ажиллана. Дээрх анхаарах шаардлагатай өрхөд угаар алдагдах үед Хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдээлэл ирэх аж. Ингэхдээ эрсдэлийг бага, дунд, их, аюултай, онц аюултай зэргээр үнэлнэ. Хэрэв эрсдлийн дохио бага байгаа тохиолдолд тухайн өрх рүү утасдаж цонх, хаалгаа нээж агаар оруулах сануулга, сэрэмжлүүлгийг өгөх аж. Улмаар аюултай түвшинд анхааруулга ирвэл хяналтын ажилчид тухайн айлд богино хугацаанд очих аж.

Энэ талаар Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал “Эрсдэлтэй 63.000 гаруй өрхийн угаарын хийн мэдрэгч дээр давхар хяналтын дохиолол суурилуулсан. Энэхүү хяналтын дохиоллыг өнгөрсөн 3 сарын хугацаанд туршсан. Хэрэв дэлгэц дээр тухайн өрхөд онц аюултай түвшин илэрвэл улаанаар гарна. Өөрөөр хэлбэл, тухайн айлын иргэд унтаж байсан ч Хяналтын дэлгэц дээр бүх мэдээлэл ирнэ. Дохиолол мэдээлэл дамжуулахад хажууд нь тухайн айлын хаяг, утасны дугаар гарна. Хяналтын ажилчид тэр даруй тухайн айл руу утасдаж, угаарын хий ялгарч байгаа тухай эхний сэрэмжлүүлэг, мэдээллийг өгнө.  Хэрэв тухайн өрхийн гишүүдийн утас холбогдохгүй бол хөрш рүү залгана. Мөн түргэн тусламжийн 103 дугаарт давхар мэдэгдэх олон зохицуулалттай. 63.000 гаруй өрхөө бүгдийг нь дамжуулагчид холбоод байна” гэлээ.

Дохиоллын санхүүжилтийг БОАЖЯ-ны дэргэдэх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргажээ. Энэ жилийн хувьд нийт угаарын дуудлагын 70 орчим хувь нь борооны улиралд гал түлсэн айлуудаас ирсэн гэнэ. Хүмүүс бороо ормогц гал түлчихээд үдэш нь түлш бүрэн шатсан эсэхийг шалгалгүй, өрхөө битүүлээд унтаж байгаагаас угаарын хийд өртөх тохиолдол гардаг аж. Түүнчлэн яндан, зуухаа хөөлөөгүй, зуухны соролт таталт муудсан, зуух, яндангийн битүүмж алдагдсанаас угаарын хий ялгарч байгааг анхаарууллаа.

Сайжруулсан түлш хэрэглэхтэй холбоотой гэр хорооллын өрхүүдэд угаарын хийн мэдрэгчийг үнэ төлбөргүй олгосон. Өрх бүрт олгосон угаарын хийн мэдрэгчийг энэ жил шалгахад ихэнх тохиолдол зай нь дууссан байжээ. Иймээс баттерейг сольж, байнгын ажиллагаатай байлгах зааварчилгааг өгчээ.

Мөн угаарын хий мэдрэгчийг эвдсэн тохиолдол цөөнгүй гарчээ. Иймээс улсаас нэг удаад үнэ төлбөргүй олгосон. Харин одоо зах зээл дээрх үнээр нь худалдан авч өөрийн болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах шаардлага тавьжээ. Угаарын хийн мэдрэгч 15.000-35.000 төгрөг худалдаалагддаг байна. Иймээс уншигч таны болон хайртай дотны чинь хүний амь нас, эрүүл мэнд 35.000 төгрөгөөс үнэтэй юу, үгүй юу гэдгийг ухамсарлах шаардлага үүсч байгаа юм.

Гэхдээ нэн ядуу эсвэл орон нутгаас нийслэлд шилжиж ирсэн өрхөд угаарын хийн мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох аж.

Агаарын бохирдлыг 80 хувиар бууруулна

Энэ жил агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт баримтлан ажиллаж байгаа талаар БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Уранчимэг мэдээллийн эхэнд онцлов.

Тэрбээр “Агаарын бохирдлыг 80 хувиар буураалах зорилтыг хангахын тулд нийслэлийн зүүн бүс Налайх дүүрэгт сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулан, гэр хорооллын өрхийг түлшээр хангаж эхлээд байна.

Өнгөрсөн жил “Яндангаа хөөлье” аяны хүрээнд 4000 гаруй мэргэжилтэн ажиллаж, хэрэглэгчдэд сайжруулсан түлшний хэрэглээний талаарх мэдлэг, мэдээлэл олгож, янданг хөөлж, пийшинг засварласан. Үүний үр дүнд зөв хэрэглээг хэвшүүлж чадсан гэж үзэж байгаа.

Гурван сарын хугацаанд үргэлжлэх “Утаагүй, угааргүй, ухааглаг хэрэглэе” аяны гол зорилго нь гэр хорооллын айл өрхийн өвлийн бэлтгэлийг эртнээс хангах, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, хэрхэн дуудлага өгөх үү, иргэд хэрхэн аюулгүй орчинд амьдрах нөхцөлөө хангах тал дээр мэдлэг мэдээллийг олгоно” гэлээ.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 189.000 өрх сайжруулсан түлш хэрэглэж дадаад байна. Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ жил тутамд өсөж байгаа. 2019-2020 оны өвөл нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд нийтдээ 446.000 тонн сайжруулсан шахмал түлш түлсэн бол 2020-2021 оны өвөл 708.000 тонн болж өссөн талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн танилцуулав.

Өнгөрсөн жил Засгийн газраас сайжруулсан түлшний үнийн дүнг 75 хувиар бууруулах шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор дээрх 708.000 тонн түлшний 504.000 тонныг нь 75 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр худалджээ.

Энэ жилийн хувьд мөн 50 хувийн хөнгөлөлт эдэлж, шуудай түлш тутмыг 1875 төгрөгөөр худалдан борлуулж байгаа юм.

Агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд 2017-2021 онд 2100 халаалтын зуухыг цахилгаанд бүрэн шилжүүлжээ.

Мөн архи, согтууруулах ундааны худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас олгодог. Энэхүү тусгай зөвшөөрлийг олгохтой холбогдуулан энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид болох дэлгүүр, худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг халаалтаа цахилгаанаар шийдэх шаардлага тавьжээ. Өөрөөр хэлбэл, гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг 8 нэрийн дэлгүүрийн халаалтыг цахилгаанд шилжүүлэх ажлыг бодлогоор хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд 898 дэлгүүр, худалдаа үйлчилгээний төвийн халаалтыг цахилгаанжуулжээ.

Шахмал түлшний үнсийг бордоо болгон ашиглана

Сайжруулсан түлшийг хэрэглээнд хаях биш үнсийг нь барилгын салбарт болон ургамалд бордоо болгон хэрэглэх боломжтойг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хог хаягдал, удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун мэдээлсэн юм.  

Тэрбээр “2020 оноос эхлэн гэр хорооллын өрхийн хэрэглэсэн сайжруулсан түлшнээс гарсан үнсийг дахин хэрэглэх талаар судалж эхэлсэн. ШУТИС-ийн Барилгын инженерийн сургууль, МУИС-ийн лаборатори, Хими технологийн хүрээлэн, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран шахмал түлшний үнсийг дахин ашиглах боломжийг нарийвчлан судалсан. Урьд нь гэр хорооллоос өөр эх үүсвэр, уурхайн нүүрс байсны дээр зарим төрлийн үнсэнд цацраг идэвхт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тохиолдол гарч байсан. Сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнсний хувьд нэг ижил бүтэцтэй учир шигшиж ялгаад  явган замын хавтан, замын хашлага, тоосго, блок үйлдвэрлэх боломжтой гэж гарсан. Мөн ургамлын бордоо болгон ашиглах боломжтойг эрдэмтэд тогтоогоод байна.

Иймээс үнсийг дахин боловсруулахтай холбоотойгоор үнс ашиглах стандартыг боловсруулан батлуулахад бэлэн болжээ. Нэг шуудай сайжруулсан түлш түлэхэд 5-7 кг үнс ялгардаг бөгөөд айл өрхүүдийн ялгасан үнсийг Цагаан даваанд байгуулсан үнсний ландфиллийн байгууламжид нарийвчлан шигшиж, үйлдвэрлэлд ашиглах боломж бүрдэнэ гэж  үзэж байгаа” гэлээ.

Таван шуудай сайжруулсан түлшнээс 5-7 кг үнс гардаг аж. Энэ нь хэр сайн шатсанаасаа хамаардгийг тодотгосон юм. Энэ жил гэр хорооллын өрхүүд үнсээ хэрхэн ялган ангилах талаар мэдлэг мэдээлэл олгоход анхаарч ажиллах аж. Улмаар иргэд түлшээ хэрэглэж сурсан шигээ үнсээ ялган ангилж дадвал дахин боловсруулахад хүндрэл гарахгүй гэдгийг албаныхан тодотгож байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү