Дэд сайд Г.Ганбаяр Марс нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзлаа


2022-06-24 09:33:25

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр Марс нийгэмлэгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дэд сайд Марс нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, доктор Роберт Зубрины “Марсын сорилт” номыг Монголын хүүхэд, залуус эх хэлээрээ унших боломж олгосонд төслийн багийнханд талархал илэрхийллээ. Хүүхэд, залуусыг багаас нь шинжлэх ухаанд дуртай, сонирхдог болгоход уг төсөл ач холбогдолтой гэдгийг дурдав.

Монголын говь Марс гарагтай төстэй учир туршилт, судалгааг явуулахад хамгийн тохиромжтой болохыг Марс нийгэмлэгийнхэн хэлсэн. Тэд 12-15 насны хүүхдүүдэд сансар судлалын тухай ойлголтыг шинжлэх ухааны хичээлээр дамжуулан олгодог байна.

Монголын говьд судалгааны бааз байгуулах ажлыг салбарын яамны зүгээс дэмжиж ажиллахад бэлэн. Энэ бол Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа боловсрол, шинжлэх ухааны салбарт томоохон хөрөнгө оруулалт болохыг дэд сайд Г.Ганбаяр онцлов. Тус нийгэмлэгийнхэнтэй багш, оюутан солилцоо, англи хэлний сайн дурын багш нарыг ажиллуулах зэрэг чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

“Mars V” төсөл нь Монголын говьд тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт бүхий сансрын сургалт судалгаа, сансар судлалын Шинжлэх ухааны парк байгуулах зорилготойгоор хэрэгжиж эхэлсэн. Цаашид хүүхдүүдэд сансар судлал, шинжлэх ухааны мэдлэг олгох хөтөлбөрийг оруулах саналыг төслийн багийн зүгээс хэлж байлаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү