“Элсэлтийн ерөнхий шалгалт-2022” болзолт уралдааны шилдэг оролцогч нарт урамшуулал олголоо


2022-07-07 16:00:56

“Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээс онооны дунджийг ахиулах, багшийн мэдлэг, мэргэшил, ур чадварыг нэмэгдүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх, мэргэжил сонголтыг оновчтой болгох зорилгоор дүүргийн хэмжээнд “Элсэлтийн ерөнхий шалгалт-2022” болзолт уралдааныг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.   

Баянгол дүүрэгт 2021-2022 оны хичээлийн жилд нийт 2436 сурагч 12 дугаар ангиа төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалтын 10 судлагдахуунаас сонгож өгсөн бөгөөд англи хэл, нийгэм судлал, түүх, биологийн хичээлээр 8 төгсөгч 800 оноо авсан юм. Мөн энэ хичээлийн жилээс “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх” журмын дагуу гадаадын шилдэг их дээд сургуулиуд хүлээн зөвшөөрдөг Кембриджийн хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 52 төгсөгч оноо дүйцүүлж 800 оноо аваад байгаа юм.    

Тэгвэл 2021-2022 оны хичээлийн жилд “Элсэлтийн ерөнхий шалгалт-2022” болзолт уралдаанд амжилттай оролцож, 800 оноо авсан төгсөгчид болон бэлтгэсэн багш нарыг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн бусад удирдлагууд хүндэтгэн хүлээн авч уулзан дүүргийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналын эрхийн бичгийг /2022.07.07/ гардуулж өгсөн юм.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн төгсөгчид болон бэлтгэсэн багш нарт баяр хүргээд “Энэ бол чухал үйл явдал. Та бүхэн өмнөө тавьсан эхний зорилгодоо хүрч хүссэн сургуульдаа орсон байна. Одоо харин дараагийн шатанд дэвшин суралцах гадны их дээд сургуульд сурах тэтгэлгүүдийг сонирхоорой гэж хэлье. Та бүхэн судалсан байх. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Засгийн газраас дэлхийн шилдэг их дээд сургуульд сургах тэтгэлэг хөтөлбөрүүдийг зарладаг.

Олон улсын шилдэг их дээд сургуульд тэтгэлгээр

  • Нэгдүгээрт, босго оноо
  • Хоёрдугаарт, нийгмийн сайн сайханд чиглэсэн сайн дурын ажилд идэвхтэй оролцсон байх шаардлагыг тавьдаг.

Та бүхний хувьд эхний даваагаа давсан. Харин одоо сайн дурын ажилд идэвхтэй оролцож Улаан загалмайн нийгэмлэг, Эрүүл мэндийн байгууллагуудад сайн дурын ажил хийгээрэй. Мөн Цэргийн штабын эх оронч үзлийг сурталчилсан арга хэмжээ зохион байгуулдаг. Үүнд идэвхтэй оролцож дараагийн мөдөөлдөө бэлдээрэй. Бидний хувьд цаашид Баянгол дүүргээ боловсролын чанараараа тэргүүлсэн дүүрэг болгохын төлөө хичээж ажиллах болно. Бусад хүүхдүүдээ манлайлсан хүүхдүүддээ, тэднийг бэлтгэсэн багш нартаа баярлалаа” гэсэн юм.

Мөн “Элсэлтийн ерөнхий шалгалт-2022” болзолт уралдааны дүүргийн Боловсролын хэлтсээс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх зорилгоор “Дижитал анги” цахим орчинд үүсгэн 12 дугаар анги төгсөх 2200 гаруй сурагчид 79 дижитал ангид хуваагдан 79 багшаар 10 судлагдахуунаар хичээл заалгаж элсэлтийн ерөнхий шалгалтын давтлага хичээлийг 2022 оны 03-05 дугаар сарын хооронд зохион байгуулсан. Энэ жилийн онцлог нь математик, нийгмийн ухааны хичээлийг танхимаар зохион байгуулсан юм. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх хичээлийг амжилтаараа тэргүүлэгч, туршлагатай багш нар зааж, дүүргийн хэмжээнд зөвлөлдөх баг байгуулагдан сургалтын хөтөлбөрийг боловсруулж ажилласан бөгөөд нийт 1093 цагийн хичээл заасан байна. 

“Элсэлтийн ерөнхий шалгалт-2022” болзолт уралдаанд амжилттай оролцож 800 оноо авсан төгсөгчид болон бэлтгэсэн багш нар:

ТҮҮХ, НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ ХИЧЭЭЛ

  • Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургуулийн төгсөгч Отгонбаярын Батмэнд
  • Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургуулийн Түүхийн багш Өлзийбаярын Адъяа

НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ ХИЧЭЭЛ

  • Нийслэлийн ерөнхий боловсролын Монгени цогцолбор сургуулийн төгсөгч Буянхишигийн Эмүүжин

  • Нийслэлийн ерөнхий боловсролын Монгени цогцолбор сургуулийн Нийгмийн ухааны багш Алагнүдэнгийн Ганчимэг

БИОЛОГИЙН ХИЧЭЭЛ

  • Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургуулийн төгсөгч Эрдэнэтөгсийн Амаржаргалан

  • Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургуулийн биологийн багш Мижиддоржийн Сувд-Эрдэнэ

АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ

  • Олон улсын хөтөлбөрийн сургалттай Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ эхлэл сургуулийн төгсөгч Эрдэнэбаярын Уянга

  • Олон улсын хөтөлбөрийн сургалттай Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ эхлэл сургуулийн төгсөгч Батжаргалын Төгсжаргал

  • Олон улсын хөтөлбөрийн сургалттай Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ эхлэл сургуулийн төгсөгч Буянтын Мягмардорж

  • Нийслэлийн ерөнхий боловсролын Хүрээ тулга сургуулийн төгсөгч Баттөрийн Мичид нар 800 оноо авсан байна.

“Шинэ эхлэл” Олон улсын хөтөлбөрт сургуулийн ахмад багш Б.Цэнд

Мөн удирдамжийн дагуу судлагдахуун бүрт хамгийн өндөр чанарын үзүүлэлттэй 800 оноо авсан сурагчийг бэлтгэсэн багшийг 1,000,000 төгрөгөөр урамшуулж байгаа бөгөөд англи хэлний шалгалтад бэлтгэсэн 3 сурагч нь 99,91 хувиас дээш чанарын амжилт үзүүлсэн  Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” Олон улсын хөтөлбөрт сургуулийн ахмад багш Б.Цэнд амжилтаараа тэргүүлсэн байна.

Ташрамд дурьдахад, Олон улсын хөтөлбөрийн сургалттай, Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ эхлэл сургуулийн англи хэлний багш, Боловсролын Тэргүүний ажилтан Б.Цэнд нь улсад 34 жил гадаад хэлний багшийн мэргэжлээр үр бүтээлтэй ажиллаж байгаа ахмад багш бөгөөд бэлтгэсэн 12 сурагч нь хэмжээст 800 оноо авч байсан, англи орос хэлний хэмжээст онооны дундаж 740-768 хооронд тогтмол амжилт үзүүлдэг байна. Мөн бэлтгэсэн сурагчид нь англи хэлний Улсын олимпиадад өндөр амжилт үзүүлэхээс гадна Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд IELTS шалгалтад 68 сурагч нь  6.5-8 оноо, TOEFL IBT  шалгалтад 19 сурагч 76-111 оноо авч Гадаадын их дээд сургуулиудад тэтгэлгээр амжилттай суралцаж байна.

Баянгол дүүргийн төгсөгчдөөс

  • 2019 онд 6 төгсөгч,
  • 2020 онд  8 төгсөгч,
  • 2021 онд 13 төгсөгч,
  • 2022 онд 60 төгсөгч тус тус хэмжээст 800 онооны эзэн болж өөрийн сонгосон мэргэжлээрээ хүссэн сургуульдаа элсэн суралцаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү