Дархлаажуулалтыг 15 хоногийн хугацаанд түр зогсоолоо


2021-04-10 10:12:06

Өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоохоор болсон билээ. Хатуу хөл хорионы хугацаанд дархлаажуулалтыг хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн Засгийн газар, УОК-оос хэлж байсан ч Эрүүл мэндийн яамнаас эл үйл ажиллагааг 15 хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэр гаргаад байна. 

Эрүүл мэндийн яамны албаны мэдээнд дээрх үндэслэлийг тайлбарлахдаа:

Дархлаажуулалтыг үргэлжүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй. Дархлаажуулалтын цэгт олон хүн цугларч, улаан түвшинд мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх, нэг дор олон хүн цугларч 15-30 минут түүнээс дээш хугацаанд байх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан байна. 

Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтад ашиглаж буй вакцин нь эхний тунг тариулсанаас хойш 21-56 хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай билээ. 

Дархлаажуулалтад ашиглаж байсан зарим вакциныг 28 хоногийн дараа хоёр дахь тунг тарихаар төлөвлөж байсан бөгөөд хатуу хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн вакцины 2 дахь тунгаа тариулах иргэдийн дархлаажуулалтыг 15 хоногоор түр хойшлуулахаар болж байна. 

БНХАУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс давтан тунг 21-56 хүртэлх хоногийн зайтай тарихыг зөвлөж байгаа тул вакцинжуулалтын 2-р тунг хийлгэх иргэдийн дархлаа тогтоцод нөлөө үзүүлэхгүй болно.  (эх сурвалж: National Medical Journal of China. 2021 Apr 02, CDC, China, 2021)

Мөн Астразенека вакцины хувьд 7-12 долоо хоногийн дараагаас 2 дахь тунгаа хийх зөвлөмжтэй билээ. 

2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. 

Дархлаажуулалтад ажиллаж байсан эмч, эмнэлгийн ажилчдыг COVID-19 өвчний илрүүлэг, хариу арга хэмжээнд хүч нэмэгдүүлэх бөгөөд өвчний тахалт, хамрах хүрээг хумих, ойрын хувьтагчдыг илрүүлэх ажилд дайчлах юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү