Бумдэлгэр: Халдвар хүн амын дунд тархсан тул ПСР шинжилгээ учир дутагдалтай


2021-04-15 12:40:04

ПСР шинжилгээний талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамны судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Бумдэлгэр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол өсөхийн хэрээр ПСР шинжилгээний ачаалал нэмэгдэж байна. Дүүргүүдийн сорьц цуглуулах цэгүүд дээр цагийн ачаалал эрс нэмэгдэж, цаг авч чадахгүй байна гэх гомдол их ирж байгаа. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Халдвар хүн амын дунд тархчихсан. Ийм нөхцөлд хүн бүрт ПСР шинжилгээ хийх тактик маань учир дутагдалтай. Учир нь ПСР шинжилгээ хугацаа шаарддаг. Нэг лабораторид сорьцыг хүргээд тухайн шинжилгээг хийхийн тулд бүртгэл явагдана, лабораторийн дугаар хийгдэнэ, ялгана. Эдийн засгийн нөхцөл байдалтайгаа харгалзуулан 5 хүнийг сорьцийг нийлүүлж шинжлэх байдлаар хийгдэж байгаа. Хэрэв сөрөг гарвал 5-лаа сөрөг. Эерэг гарсан тохиолдолд 5 сорьцыг задалж нэг нэгээр нь шинжилдэг. Иймээс багадаа 24 цагийн хугацаа шаарддаг.

ПСР маш сайн мэдрэг чанартай шинжилгээ боловч батлагдсан тохиолдлыг гэрээр очиж хянаад, гэр бүлийн хүн нь халдварт өртсөн байх магадлалыг хянахын тулд эхлээд шинж тэмдгийг нь ажиглах юм. Хэрэв шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн оношлуурыг тавих өөрчлөлт хийж байна.

Сүүлийн үед түргэвчилсэн оношлуур ихээр үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд өртөг хямд. Иймээс Засгийн газраас хямд өртөгтэй оношлуурыг нийлүүлэх тал дээр ажиллаж байна. Түргэвчилсэн оношлуураар 10 минутын дотор хариу гарна. Иймээс батлагдсан тохиолдлын гэрээр очиж, эмнэлэгт хүргэхдээ гэр бүлийнхнийг нь түргэвчилсэн оношлуураар оношлох юм. Гэхдээ хөнгөн хүмүүсийг гэрээр нь тусгаарлаж эмчилнэ. Гэхдээ гэр бүлийнх нь хүмүүс тодорхой хугацааны дараа халдвар авах нь тодорхой. Мөн хөнгөн өвчтөн хүндрэх магадлалтай. Иймээс хоёр ажил хийхгүйн тулд ажлын менежментээ өөрчлөх шаардлага үүсч байгаа юм" гэлээ.

Мөн шаардлагагүй тохиолдолд буюу сайн дураараа ПСР шинжилгээ өгөх шаардлагагүй гэдгийг онцлов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү