Б.Буянтогтох: Амьсгалын аппарат байгаа ч ажиллуулах боловсон хүчний дутагдал үүсээд байна


2021-04-16 12:25:09

Өдөрт бүртгэгдэх ковид-19 халдварын тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, хүний нөөцийн асуудал тулгарч эхэллээ. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох мэдээллээ.

Тэрбээр "Сүүлийн үед халдвароын тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотой эмнэлгийн ачаалал улам нэмэгдэж байна. Хүнд, хүндэвтэр, нэн хүнд хүмүүсийн тоо нэг сарын өмнөхтэй харьцуулахад 28-30 дахин нэмэгдлээ. Үүнтэй холбоотой энэ төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүний нөөцийн асуудлыг шууд үүсгэж байна. Эмнэлгийн ачааллыг 10-аас дээш хувиар нэмэгдүүлж байна.

Эрүүл мэндийн яамны зүгээс НЭМГ, УОК-тай хамтран ор дэлгэх ажлыг үе шаттайгаар хийж байна. Гэсэн ч хүний нөөцийн хувьд төвөгтэй байдал үүсээд байна.

Одоогоор Улаанбаатар хотод 18 эрүүл мэндийн байгууллагад 3068 ор дэлгээд байна. Дүүрэг дүүргээр нь зохион байгуулалт хийж байна.

Хоёр шалтгааны улмаас эрүүл мэндийн байгууллагын ажилчид хомсдолд ороод байна.

  • Ковидтой эмнэлгүүдэд орж ажилласан эмч нар 14 хоног ажиллаад, тусгаарлагддаг. 
  • Халдвар хүн амын дунд тархсантай холбоотой энэ чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлэх  явцдаа хавьтал болж зайлшгүй тусгаарлагдах шаардлага үүсч байна. Энэ нь эргээд хүний нөөцийн хомсдлыг дахин үүсгээд байна.

Эрүүл мэндийн яамнаас дайчилгааны багийнхныг ашиглаад явж байна. Гэвч хангалтгүй байна.

Өнөөдөр илэрч байгаа халдварын тохиолдлуудын хувьд хатуу хөл хорионоос өмнөх. Өөрөөр хэлбэл, хатуу хөл хорио тогтоохоос өмнө халдвар авсан хүмүүс гэсэн үг. Хатуу хөл хорионы үр дүнд хорионы төгсгөлд гарах магадлалтай гэж тооцоолж байгаа. Бидний төсөөлж байсанчлан халдварын тохиолдлын тоо өсч байна.

Хэдийгээр хатуу хөл хорио тогтоосон ч иргэд гадуур их явж байна. Энэ нь хөл хорионы үр дүнд бууруулах байх.

Халдварын 2 нууц хугацаа буюу 28 хоног хатуу хөл хорио тогтоох нь зүйтэй гэдгийг эрдэмтэд, тархвар судлалынхан хэлж байгаа. Тэгж байж хатуу хөл хорионы үр дүн гарна. Гэвч Засгийн газраас 14 хоног байхаар хатуу хөл хориог тогтоосон. Энэ хугацаанд халдварыг тодорхой түвшинд л барихаас биш хангалттай түвшинд бууруулж чадахгүй.

Амьсгалын аппарат хангалттай түвшинд бий. Гол нь ажиллуулах боловсон хүчний дутагдал үүсээд байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү