Ковид-19 халдварын улмаас жирэмсэн болон төрсөн 119 эх эмчлүүлж байна


2021-05-07 12:35:57

Жирэмсэн болон хөхүүл эх болон ковид-19 сэдвээр АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Ковид-19 халдварт ахимаг насны хүмүүс, таргалалттай, артерийн даралт ихтэй, чихрийн шижинтэй, жирэмсэн эмэгтэйчүүд эрсдэл өндөр. Жирэмсэн эх ургаа тээх 10 сарын хугацаанд бие махбодид нь олон төрлийн өөрчлөлт гардаг. Бүхий л эрхтэн тогтолцоонд хэвийн байдлаасаа өөрчлөлт ордог. Тэр дундаа амьсгал, зүрх судасны тогтолцоонд хамгийн их өөрчлөлт ордог. Стрессийн байдалд байдаг. Мөн дархлалын систем буурдаг. Иймээс энэ вирус эхийн биед ороход маш эрсдэлтэй.

Сүүлийн жилүүдэд ковид-19 халдвартай холбоотой жирэмсэн эхийн эрсдэл нэмэгдэж байгаа. Халдвар авах эрсдлийн хувьд нийт хүн амтай ижил. Халдвар авсныхаа дараа хүндрэх эрсдэл нь илүү өндөр байгааг судалгаанаас харж болно. Дэлхийн улс орнууд жирэмсэн эх, амаржсаны дараа, мөн урагт олон төрлийн судалгаа шинжилгээ хийж байна.

АНУ-ын эх барих эмэгтэйчүүдийн холбооноос нийт 23.000 жирэмсэн эмэгтэйг 386.000 жирэмсэн биш эмэгтэйтэй харьцуулахад ковид-19 халдварт өртсөний дараа жирэмсэн эмэгтэйчүүд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх тоо 3 дахин, зохиомол амьсгал хийгдэх нь 2 дахин өсч, эхийн эндэгдэл нэмэгдсэн байна. Энэ тоон үзүүлэлт бусад орныхтой ойролцоо байгаа. 

Ковид-19 анх дэгдэхэд жирэмсэн эмэгтэйчүүдэд эрсдэл багатай гэж үзэж байсан бол сүүлийн үед өндөр эрсдэлтэй, энхийн эндэгдэл нэмэгдэж, хүндрэл их, ураг амьгүй болж, умайн гаднах жирэмслэлт нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж болно. Мөн дутуу төрөлт нэмэгдсэн.

Эхийн эндэгдэл цар тахал гарснаас хойш бараг 2 дахин нэмэгдсэн. Мөн сэтгэл гутрал цар тахлын өмнө 2330 байсан бол дараа нь 6517 болж, 3-4 дахин нэмэгдсэн байх жишээтэй.

Монгол Улсын хэмжээнд халдвартай 200-300 орчим төрөлт явагдсан. Үүнээс ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн жирэмсэн болон төрсөн 98 эхэд судалгаа хийхэд 50 хувь нь уушгины хатгалгаатай байжээ. Өөрөөр хэлбэл, хүндэрсэн гэсэн үг. Төрсөн эхчүүдийн 2 нярайгаас халдвар илэрсэн.

Одоогийн байдлаар 119 жирэмсэн болон төрсөн эх ковид-19 халдварын улмаас эмчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, жирэмсэн эхийн дунд халдвар хурдацтай тархаж байгаагаас гадна эхийн эндэгдэл тохиолдсон" гэлээ.

Мөн сүүлийн үед халдварын улмаас амьгүй төрөлт нэмэгдсэн гэнэ. Энэ нь эхэд амьсгалын дутмагшил үүссэнтэй холбоотой гэдгийг тайлбарлалаа. Харин амаржсаны дараа эхийн сүүгээр нярайд халдвар дамжихгүй гэдгийг тодотгосон юм.

Жирэмсэн эхчүүд болон ар гэрийнхэнд нь өгөх зөвлөгөө:

 
  • Халдвар хамгааллын дэглэмээ баримтлах
  • Гэр бүл, хамаатан садан нь жирэмсэн эмэгтэйд тавих анхаарал халамжаа дээшлүүлэх
  • Зөв хооллох
  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Жирэмсний хяналтын чанарыг сайжруулах
  • Эмнэлэгт очих тоог цөөлөх
  • Гэрээр өөрийгөө хянах хяналтаа сайжруулах
  • Төрсний дараа нярайд халдвар дамжих эрсдэлээс сэргийлэх
  • Амин дэм хэрэглэх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү