Гэрээр эмчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж шуурхай үзүүлэх 40 явуулын автобус ажиллуулна


2021-06-13 10:36:50

Эрүүл мэндийн яаманд улс, нийслэлийн хэмжээний бүх эрүүл мэндийн төв байгууллагын удирдлагууд өргөтгөсөн уулзалт хийж, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар хэлэлцэж байна.

Энэхүү өргөтгөсөн хуралдаанд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан оролцож, салбарын тулгамдсан асуудлыг сонсож, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Энэ үеэр дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд, ЭХЭМҮТ, Амаржих газруудад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх, ялангуяа халдвартай жирэмсэн эхчүүдийг хүндрэх эрсдэлээс сэргийлэх зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлэх асуудал хөндөгдөж байв.

Мөн цар тахлын халдварын тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байгааг дагаад хүнд өвчтөнүүд ихсэж буй нь эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг эрс нэмэгдүүлж байгаа тул цаашид хувийн хэвшлийн эмнэлгүүдийг Ковид-19-ийн эмчилгээ, оношилгоонд татан оролцуулах саналыг салбарын мэргэжилтнүүд гаргаж байлаа.

Бүтэн жил гаруй хугацаанд цар тахалтай тэмцсэн эрүүл мэндийн салбарын боловсон хүчний асуудал ч хомсдолд орж байгаа учраас резидент эмч нарыг дахин дайчилж ажиллуулах, анагаахын чиглэлээр суралцаж буй төгсөх курсын оюутнуудыг татан оролцуулах зэргээр хүн хүчний асуудлыг шийдэж өгөх саналыг Шадар сайдад уламжилсан юм.

“Нөхцөл байдал амаргүй байгаагийн улмаас эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэмэгдэж, хүндрэл, эрсдэл бодитоор нүүрлэж буйг ойлгож байна. Иймд цар тахлын галын шугамд цаг наргүй тэмцэж буй эрүүл мэндийн салбарынхаа ажилтнуудын эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүй байх үүднээс хүн хүчийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс онцгой анхаарч ажиллаж байгаа. Цаашид ч резидент эмч нарын цалин хөлснөөс эхлээд эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа илүү цагийн нэмэгдэл хөлсийг тухай бүрт нь олгохын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан хэрэгжүүлнэ. Харин эрүүл мэндийн салбарынхан Та нар маань улс, нийслэл, дүүрэг гэж бие биенээ ялгахгүй, Ковидтой тэмцэх гэдэг нэг л зорилгын төлөө нэг нэгнээ нөхөж хамтарч ажиллах нь чухал байна. Ямар ч тохиолдолд Ковидын шалтгаант нас баралтыг бууруулах л хамгийн том зорилго Та бидний өмнө бий. Монголчууд бид бүгдээрээ эмч мэргэжилтнүүд Та нартаа бүрэн итгэж найдаж байгаа” хэмээн Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ.

Мөн энэ үеэр тандалт хариу арга хэмжээний явц, эм эмнэлгийн хэрэгслийн татан авалт, нөөц бүрдүүлэлттэй холбоотой бусад асуудалтай Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан танилцав. Ковидын халдвараар өвчилж, гэрийн эмчилгээ болон гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор эмнэлзүйн баг дээр нэмэгдэж 40 явуулын автобус ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Эдгээр явуулын автобусыг нийслэлийн 6 дүүрэгт хуваарилсан бөгөөд рeзиндэнтүүд ажиллах юм.

Эмч ажилчдын хоол унааны зардлыг тухай бүрт шийдвэрлэж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлэх чиглэлийг Шадар сайд Эрүүл мэндийн сайд болон бусад холбогдох албаныханд өглөө. Мөн хот хоорондын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж орж гарч буй иргэдийн биеийн халууныг хэмжих, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайжруулахыг даалгав.

Халдварын эрсдэл буураагүй энэ цаг үeд цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сулруулахгүй байж, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийлгэж, халдвар хамгааллын дэглэм чанд мөрдүүлэх шаардлагыг тавьж, холбогдох газруудаас өдөр бүр хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү