Д.Тогтохсүрэн: Хувийн хэвшлийн явуулж байгаа ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй


2021-11-15 14:50:51

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцжээ. Эхнийх нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны төсөв баталсантай холбогдуулж гурван чиглэлээр мэдээлэл хийсэн байна. Эдийн засгийг сэргээх, экспортыг нэмэгдүүлэх, УИХ, Засгийн газар хүний эрхийг хангах чиглэлд анхаарч ажиллах, Авлигатай тэмцэх чиглэлд УИХ, Засгийн газар тодорхой ажил хийхийг чиглэл болгосон аж.

Мөн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг бүлгийн хурлаар авч үзэн, гишүүд асуулт асууж, тодруулснаар олонх нь дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэж байгаа. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын гишүүд өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн хэлэлцэх явцад гишүүд талцсан байсан. Тийм учраас энэ асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэх нь зүйтэй гэж үзэж УИХ-ын нэгдсэн чуулганаас завсарлага авсан.

Энэ хуулийн төсөлд Жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авах, тус сангаас хохирогчдод олгох нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг тусгасан байсан. Уг асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцээд гишүүдийн олонх хэлэлцэх эсэхийг дэмжихгүй гэдэг шийдвэрт хүрлээ. Дэмжихгүй байгаагийн үндсэн шалтгаан нь энэ хууль хэрэгжээд 10 гаруй жил болсон. Нэгэнт хувийн хэвшлийн явуулж байгаа ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй гэж үзсэн" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү